Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Х.Нямбаатар гамшгаас хамгаалах албадад аюулт үзэгдэл, ослын үед ажиллахад шаардлагатай багаж, хэрэгслийг хүлээлгэн өглөө.
Тодруулбал, үер, усны осол, хими, цацрагийн ослын үед ашиглах 14 нэр төрлийн 1,419 ширхэг багаж, хамгаалах хувцас хэрэгслийг НОБ, НЦУ, НБОГ, НБГ, УБЦТС ТӨХК-д хүлээлгэн өгсөн юм.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн гамшгаас хамгаалах албадад аюулт үзэгдэл, ослын үед ажиллах бэлэн байдлыг хангахад нийт 46.7 тэрбум төгрөгийн техник, багаж тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Өнгөрсөн жилийн үерийн үед техник хэрэгсэл, машин механизм хангалтгүй байсан тул ус, цаг уурын аюулт үзэгдэл, хот тохижилт, нийтийн аж ахуйд ашиглах зорилгоор онцгой байдлын байгууллага болон инженер, техникийн байгууллагуудад 2024 онд нийслэлийн төсвийн хөрөнгийн 20.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэн 59 машин механизмаар хангах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдөр 300 сая орчим төгрөгийн багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө. Цаашид мэргэжлийн байгууллагуудын техник хэрэгслийн хангалтыг үе шаттайгаар нэмэгдүүлж, бэлэн байдлыг дээшлүүлнэ” гэлээ.
Мөн НОБГ-ын 15 алба хаагчийг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцад хамруулсан юм.
Ташрамд, Улаанбаатар хотод хүн амын нягтрал, хотжилт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр тохиолдох аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж, цар хүрээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Тухайлбал, сүүлийн 5 жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд 11,929 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгджээ.