Монгол Улсын Их хурлын ес дэх удаагийн сонгуулийн санал хураах ажиллагаа өнөөдөр (2024.06.28) орон даяар 07.00 цагт эхэллээ.
УИХ-аас Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар 126 гишүүнтэй УИХ-ыг байгуулахаар тогтож, холимог тогтолцоогоор, бүсчилсөн тойргоор ийнхүү сонгуулийг зохион байгуулж байна. Тодруулбал 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд 19 нам, хоёр эвсэл, 40 гаруй бие даагч, нийт 1341 нэр дэвшигч өрсөлдсөн. Тэднээс 78 нь тойргоос, 48 нь намын жагсаалтаар УИХ-д сонгогдоно.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нийт 2.224.233 иргэн саналаа өгнө.
Нийт сонгогчдын 1.143.172 нь орон нутагт, 1.081.061 нь нийслэлийн сонгогчид байна
Сонгуулийн санал хураалт 07.00 цагаас албан ёсоор эхэлж, 22.00 цагаас санал хураах үйл ажиллагааг хаах юм.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, хэсгийн хорооны гишүүд болон мэдээллийн технологийн баг, даамлаар ажиллаж буй 23.500 гаруй, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан 2564, Цагдаагийн 12.000 гаруй албан хаагч, Онцгой байдлын 100 гаруй албан хаагч, нийтдээ 40 мянга гаруй төрийн албан хаагчид хуулиар хүлээсэн үүргээр та бүхний сонгох, сонгогдох эрхийг ханган санал авах ажиллагааг зохион байгуулна