2024 оны УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор, бүсчилсэн 13 тойргоор болж, урьдчилсан дүнгээр 126 шинэ гишүүд тодорсон. Өмнөх парланмент буюу 2020-2024 оны төрийн түшээгээр ажиллаж байгаад дахин нэр дэвшсэн гишүүдээс зарим нь ард түмний дэмжлэг саналыг авч чадсангүй дүнгээ тавиулсан байна.
УИХ-ын 1-р тойрогт УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа өнгөрсөн дөрвөн жил гишүүнээр ажилласан Г.Ганболд, Сэлэнгэ нутгаас гишүүнээр сонгогдож ажилласан Д.Өнөрболор нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадсангүй.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар ард түмний дэмжлэгийг авч чадсангүй, дүнгээ тавиуллаа
Сонгинохайрхан дүүргээс сонгогдож гишүүн болсон ч, тойргоо сольж Зүүн бүст нэр дэвшсэн П.Анужин сонгогдож чадсангүй уналаа. Мөн Зүүн бүст АН-аас Н.Ганибал өвдөг шороодсон бол Сүхбаатар, Чингэлтэй 10-р тойрогт М.Оюунчимэг, Баруун бүсээс Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, АН-аас Ш.Адьшаа нар уналаа. Харин Т.Энхтүвшин, Б.Саранчимэг, Б.Баярсайхан, Г.Мөнхцэцэг нар энэ удаа парламентад сонгогдож чадсангүй өвдөг шороодож төрхөмдөө буцжээ.