Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хоохойн ам гэдэг газар Туул голд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр осолдсон хүүхдийн цогцсыг Аврах ангийн эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид өнөөдөр /2021.05.19/ 18:48 цагт оллоо. Цогцсыг осолдсон газраас 13 км-ийн зайд Бөөгийн бууц гэдэг газарт голын усанд модонд тээглэсэн байдалтай байсныг гаргаж БЗД-ийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарснаас хойш голын усны ослын нийт 11 дуудлага ирсэн. Дуудлагын дагуу аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж 33 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Голын усны түвшин нэмэгдсэн энэ үед иргэдийн санамсар болгоомжгүй байдал, аюулгүй байдлаа хангаагүйн улмаас усанд осолдох эрсдэл үүсч байна. Тиймээс иргэд, олон нийт аялж зугаалахдаа баталгаат зам гүүрээр зорчиж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг Нийслэлийн онцгой байдлын газраас анхаарууллаа.