Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 6 настай хүүхдүүдэд нүд, шүд, зүрхний эмгэгийг эрт илрүүлэх үзлэгийг орон даяар үе шаттайгаар зохион байгуулна.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурийн төлөөлөгч ноён Эваристе Коуасси Комланыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Хүүхдийн сантай Эрүүл мэндийн сайдын хувьд дахин хамтран ажиллах болсондоо талархалтай байгаагаа илэрхийлэн цаашид эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, үндсэн чиглэлийн талаар мэдээлэл өгөн санал солилцож, цаашдын хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх ажлын үндсэн чиглэл болох эрүүл ирээдүйг бий болгох бодлогын хүрээнд хүүхдийг эхийн хэвлийд нь байхаас эхлээд өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэх, хянах цогц арга хэмжээний талаар танилцуулж, үүний эхлэл болгон энэ жилээс Ерөнхий боловсролын сургуулийн 6 настнуудад нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулахаар болсон талаар мэдээлэв.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси Комлан Сайд Т.Мөнхсайханд хандан Эрүүл мэндийн сайдын албан тушаалд дахин томилогдсонд баяр хүргэж, эрүүл мэндийн салбарт томоохон шинэчлэл хийнэ гэдэг итгэлтэй байгаагаа илэрхийлж, амжилт хүсэв. Цаашид яамны зүгээс хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг бүхий талаар дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын залуу мэргэжилтнүүдийг Харвардын Анагаах Ухааны сургуулийн Залуу манлайлагч хөтөлбөрт суралцуулахыг энэ жил дахин дэмжиж ажиллахаар боллоо.