Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 19-нд болж, Хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хийсэн Монгол Улсын Ерөнхий сайдын уулзалтын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийлээ. Үүнтэй холбогдуулан дараах шийдвэрийг гаргалаа.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд төр, иргэний нийгмийн түншлэлийн үзэл баримтлалын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгаалын сайд Х.Булгантуяа нарт тус тус даалгав.
Мөн “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр”-ийг батлуулах арга хэмжээ авахыг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунанд, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа. Тус комиссын гишүүдээс гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд болон бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.