Цаг агаар
Валютын ханш
УИХ
2023-04-19
НББХ: Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн заримыг дэмжлээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд Үндэсний зөвлөлийн даатгуулагч болон ажил олгогчдийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн гишүүдийг талуудын санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөхөөр заасан. Нэр дэвшигчийн сонсголыг Нийгмийн бодлогын байнгын хороо Монгол УИХ-ын хяналт шалгалтын тухай, Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу гуравдугаар сарын 15-ны хуралдаанаараа товлож, энэ сарын 10-нд зохион байгуулсан юм.

Нэр дэвшигчийн сонсгол явуулсан талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан, Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Б.Алтанхуяг нарыг, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ш.Зоригоо, Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Гэрэлмаа нарыг, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрдмийн зөвлөлийн гишүүн Н.Одонгуаг тус тус нэр дэвшүүлснийг сонсголоор хэлэлцэхэд оролцогчид тэдний хөтөлбөр, зорилтын талаар асууж, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг зохистой, үр ашигтай, эрсдэлгүй зарцуулах, сангийн техникийн хороог байгуулж ажиллуулах, иргэдийн эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн дарамтыг хуваалцах бодлогын зохицуулалт, хэрэгжилтийг хангах зэрэг олон асуудлаар санал илэрхийлсэн юм.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийн талаар мэргэжлийн, хараат бус шинжээч, доктор Л.Мөнх-Эрдэнэ ажлын хангалттай туршлагатай, тус тусын давуу тал, онцлог чанартай, мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүйн шаардлага хангасан, ашиг сонирхлын зөрчилгүй хэмээн дүгнэсэн бол тэднийг албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлал тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг АТГ-аас хувийн ашиг сонирхлын урдчилсан мэдүүлгүүдэд нь үндэслэн хийжээ. Харин Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ш.Зоригоог УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ж.Чинбүрэн, сонсголд оролцсон иргэн н.Батбаяр нар ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Нэр дэвшигчийн сонсгол явуулсан тухай танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл, Д.Батлут нар асуулт асууж, үг хэллээ. Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж буй гүйцэтгэлээр санхүүжүүлэх тогтолцооны дутагдалтай талыг засах, хэрэгжилтийн явцад гарч буй алдаа эндлийг залруулах, даатгалын сангийн тэнцлийг хангах, хяналтыг чангатгах, хуулийн хэрэгжилтийг сайжруулах зэрэг асуудлыг УИХ-ын гишүүд хөндөв. Мөн Үндэсний зөвлөл болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагааг сайжруулах, нийтээр дагаж мөрдүүлж буй журам, дүрмийг иргэд, олон нийтэд ойлгуулах гэх зэрэг асуудлаар нэр дэвшигчид тус тусын байр суурийг илэрхийлж, холбогдох журам, зохицуулалтыг сайжруулах, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлж, санхүүжилтийг оновчтой төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх талаар гарц, шийдлүүдээ хэлсэн юм.

Энэ сарын сүүлээр Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн тайланг хэлэлцэнэ гэж тус Байнгын хорооны дарга П.Анужин танилцуулаад зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалаа. Хуралдаанд оролцон гишүүдийн олонх нь нэр дэвшигч С.Эрдэнэбат, Б.Алтанхуяг, Ж.Гэрэлмаа, Н.Одонгуа нарыг дэмжиж, Т.Баясгалан, Ш.Зоригоо нарыг дэмжсэнгүй. Үндэсний зөвлөлд шинээр томилох гишүүдийг дэмжсэнээр одоо ажиллаж буй гишүүдээс Ц.Цолмонгэрэл, Х.Амгаланбаатар, Д.Чимэддагва, Ц.Ганхүү нарыг чөлөөлөгдсөнд тооцож буй юм.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулсан тухай Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ