Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзаж, хоёр орны найрамдалт харилцаа, эрүүл мэндийн салбар дахь цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Т.Мөнхсайхан “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг анх 2004 онд анх байгуулсан. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг уг хэлэлцээрээр зохицуулж ирсэнийг шинэчлэн байгуулсандаа баяртай байгаагаа тэмдэглэлээ.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд Монгол Улсад оношлогдож, эмчлэгддэггүй өвчин эмгэгийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар Бүгд Найрамдах Турк Улсыг зорих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж буйтай холбогдуулан монгол иргэддээ туслах, тэдний эрх ашгийг хамгаалах Эрүүл мэндийн нэгжийг тус улсад шинээр байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг онцлов.
Элчин сайд Зафер Атеш Элчин сайдаар томилогдсоноос хойш хоёр улсын эрүүл мэндийн салбар хамтын ажиллагаа ялангуяа хувийн салбарт өргөн тэлж байгааг дурдаад, эрүүл мэндийн хамтын ажиллагааны талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв.
Уулзалтын төгсгөлд талууд хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг төлөвлөж зохицуулах Ажлын хэсгийн хуралдааны товыг тогтож, Эрүүл мэндийн нэгж байгуулах тухай асуудлыг дэлгэрэнгүй ярилцахаар тохиролцлоо.