Нийслэлийн Онцгой байдлын газраас "Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам"-тай хамтран “Зорчигчийн галт тэрэгний цуваанд гарсан гал түймрийг унтраах тактикийн дадлага сургууль”-ийг өнөөдөр зохион байгууллаа.
Дадлага сургуулийг гал түймэр унтраах, арга зүйн тактик, онцлогийг судлах, шаардлагатай, хүн, хүч хэрэгслийг тооцох, иргэдийг гал тэрэгний цуваанаас нүүлгэн шилжүүлэх ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулах, хугацааг тогтоох, мэргэжлийн байгууллагуудын харилцан уялдааг хангах, албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, байгууллагын туслах бүлгэмийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор зохион байгуулсан юм.
Дадлага сургуульд НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Аврах анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын ажилчин, албан хаагчид оролцож, гал түймэр гарсан үед авах хариу арга хэмжээ, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, аюулгүй байдлаа хангах мэдлэгээ дээшлүүлжээ.