2024 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж буй Хүүхэд хамгааллын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ хэрэгжилтийг хангах зорилгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Стандартчилал, хэмжил зүйн газартай хамтран “Сэтгэл зүйн үйлчилгээний стандарт”, “Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд үзүүлэх хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний стандарт”-ыг боловсруулж, санал авч байна.
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдэд үзүүлэх хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний стандартын зорилго нь хохирогч хүүхдийг хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ, үйлчилгээний орчныг тодорхойлох, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд тавих нийтлэг шаардлага, хэм хэмжээг тогтоож мөрдүүлэхэд оршино.
Хамрах хүрээний хувьд бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ ба хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг хүүхдийн эрхэд суурилсан, хохирогч/даван туулагч төвтэй, мэргэжлийн түвшинд үзүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжид хяналт тавих, үнэлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд хэрэглэгдэнэ.
Сэтгэл зүйн үйлчилгээний стандартын зорилго нь хүчирхийллийн хохирогч хүүхдэд хүчирхийллээс үүссэн нөхцөл байдлыг даван туулж, хэвийн амьдралдаа эргэн ороход нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад тавих шаардлагыг тогтооно.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт хүүхэд, гэр бүлийн салбарын мэргэжилтнүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, цагдаагийн байгууллага, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.