Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2024-09-25
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон 26 өрхийн асуудлыг энэ онд багтаан шийдвэрлэнэ

Улаанбаатар хот 2013-2023 он хүртэл гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах төслийг хэрэгжүүлсэн.

Үүний улмаас 640 өрх хохирсон байдаг. Дээрх хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэхийг хотын дарга Х.Нямбаатар үүрэг болгосон.

Энэ хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард 24 өрхийн асуудлыг шийдвэрлэж, орон сууцны түлхүүрийг хүлээлгэж өгсөн юм. Тэгвэл өчигдөр 26 өрхийн асуудлыг шийдвэрлэхээр хүлээн авч уулзсан байна.

Энэ онд багтааж хохирлыг барагдуулах, орон сууц эзэмшүүлэх эрхийг олгох талаарх шийдвэрийг танилцуулжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг орчимд 11.5 болон 46.1 га газарт дахин төлөвлөлт хийхээр 4-9 жилийн өмнө газрыг чөлөөлсөн ч төсөл хэрэгжээгүй. Үүний улмаас 26 айл хохирсон байна.

Энэ үеэр Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч “Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны 26 айл өрх сүүлийн 4-9 жилийн хугацаанд түрээсийн байр, хажуу өрөөнд амьдарч байсан. Үүнийг шийдвэрлэхээр хотын дарга Х.Нямбаатар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг орчим “А”, “Б” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх, гэрээ байгуулах эрх, төсөлд шаардагдах түр суурьшуулах зардал, холбогдох хөрөнгийн эх үүсвэр, төсөв тооцоог гарган ажиллахыг НОСК-д даалгасан. Энэ хүрээнд өнөөдөр газраа чөлөөлж, хохирсон хоёр байршлын 26 нэгж талбарын айл өрхийн асуудлыг шийдвэрлэснийг ийнхүү танилцуулж, санал солилцлоо” гэлээ.  

Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “Дээрх 26 өрх 2014 болон 2020 онд гэрээ хийж, газраа чөлөөлсөн. Тус байршилд хоёр төсөл хэрэгжих байсан ч компаниуд үйл ажиллагаагаа явуулж чадаагүйн улмаас төсөл хэрэгжих боломжгүй болж, иргэд 4-9 жилийн турш хохирсон байна. Бид удаа дараа тухайн иргэдтэй уулзаж, асуудлыг шийдвэрлэхээр ажил хэрэг болгож, өнөөдөр ийнхүү “Нийслэлийн Орон сууцны корпораци”-д шилжүүлэн, энэ онд багтааж хохирлыг барагдуулах, орон сууц эзэмшүүлэх эрхийг олгох талаар санал солилцлоо” гэсэн юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ