НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулган 2024 оны есдүгээр сарын 24-ний мягмар гарагт Нью-Йорк хот дахь НҮБ-ын Төв байранд эхлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нарын албан тушаалтнууд угтлаа.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, өнөөгийн дэлхий ертөнц тогтвортой бус, тогтворгүй хөгжиж байгааг өөрчлөх шаардлагатайг онцоллоо. Мөн дэлхий даяар тулгамдаж буй нийтлэг сорилтуудыг шийдвэрлэх, даван туулах боломжтойг тэмдэглээд, дэлхий нийтийг энх тайванд уриаллаа.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвийн дор 09 дүгээр сарын 24-30-ны өдрүүдэд болно.
Чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 88 улсын Төрийн тэргүүн, гурван улсын Дэд ерөнхийлөгч, 35 улсын Засгийн газрын тэргүүн, зургаан улсын Шадар сайд зэрэг дээд, өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх есдүгээр сарын 25-ны өдөр буюу Ерөнхий санал шүүмжлэлийн хоёр дахь өдөр олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн байдал, тулгамдаж буй саад бэрхшээлийг даван туулах талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, үг хэлнэ.
Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Бичил биетний тэсвэржилтийн асуудлаарх өндөр түвшний уулзалт, Цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулах өндөр түвшний уулзалт, Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Сайд нарын уулзалт, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Сайд нарын уулзалт, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Сайд нарын уулзалт зэрэг өндөр, дээд түвшний хурал, арга хэмжээг зохион байгуулах юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн өмнө 09 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт” амжилттай болж өндөрлөсөн.