Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Ван Жюньжөн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань нарын тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Ван Жюньжөн БНХАУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсны 30 жилийн ойн хүрээнд уламжлалт анагаах ухааны салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг солилцох замаар харилцан туршлага солилцон, тогтвортой хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байгааг илэрхийлэв.
ЭМЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат уулзалтын үеэр Монголын уламжлалт анагаах ухааны салбарын талаар товч мэдээлэл өгөөд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Уламжлал анагаах ухааныг хөгжүүлэх, эм, эмийн түүхий эдийн чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийг дэмжих, гадаад улсад экспортод гаргах” томоохон зорилтууд тусгагдсан талаар танилцууллаа.
Мөн Төвөдийн өөртөө засах орон Уламжлалт анагаах ухааны арвин баялаг түүхтэй улс төдийгүй БНХАУ уламжлалт анагаах ухааны хөгжилд онцгой анхаарал хандуулж, эрүүл мэндийн салбарт уламжлалт анагаах ухааны оруулах хувь нэмэр, эрдэм шинжилгээ судалгаа, эмийн үйлдвэрлэлд гаргаж байгаа ололт амжилт, өндөр байгааг тэмдэглэн дурдлаа.
Уулзалтаар хоёр орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа уламжлалт анагаах ухааны салбарт хамтарч ажиллах боломжтойг талууд онцлон, Монол, Төвөдийн уламжлалт анагаах ухааны хамтын ажиллагааг өргөжнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.