Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2024-09-25
Европын Холбооны тусгайлсан зөвлөх 2025 оноос Монголд ажиллана

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд Европын Холбоог “гуравдагч хөрш” хэмээн тодорхойлж, харилцаа хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж, хууль зүйн салбарт Арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх болон Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг сайжруулах зэрэг төслүүд амжилттай хэрэгжин үр дүнгээ өгч буйд талархалтай байгаагаа Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл илэрхийлэв.

Хатагтай Ина Марчюлёнитегийн зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсонд баяр хүргэж, УИХ-ын намрын ээлжит чуулганд өргөн мэдүүлэх Хэвлэлийн эрх чөлөөний тухай, Жагсаал, цуглааны журмын тухай зэрэг хүний эрх, эрх чөлөөг хангах томоохон хуулийн төслүүд батлагдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Улмаар 2025 оноос Европын холбооноос тусгайлсан зөвлөх Монгол Улсад ажиллуулах болсон талаар мэдэгдэв.

Талууд цаашид Монгол Улс, Европын холбооны Засгийн газар хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хөтөлбөрийг улам өргөжүүлж, гишүүн орнуудаас экспертүүдийг урьж ажиллуулахын зэрэгцээ хууль зүйн салбарын алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, техник технологийн дэмжлэг үзүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Л.Батмөнх, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл, тус яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, Европын Холбооны ЭСЯ-ны Дэд тэргүүн Кристоф Форакс, Хөтөлбөрийн менежер Арно Априу нар байлцав. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ