“Идэвхтэй насжилтыг дэмжих” загвар төв байгуулах, үүнд шаардлагатай техникийн тусламж үзүүлэх “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн урт хугацааны тусламж, үйлчилгээг хөгжүүлэх төсөл” 2022 оноос Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжсэн.
Ахмадын асрамжийн төвийг түшиглэн хэрэгжих төсөлд шалгарсан “Ачлалт хүүхдүүд” асрамжийн төвийн үйл ажиллагаатай Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Энхтуяа нар танилцлаа.
Төслийн зүгээс төр болон төрийн бус байгууллага нэг баг болж, ахмадуудад цогц байдлаар үйлчилгээ хүргэх “Идэвхтэй насжилтыг дэмжих” төвийн загварыг гаргажээ.
Энэ хүрээнд “Ачлалт хүүхдүүд” асрамжийн төв хорооны нийгмийн ажилтан, өрхийн эмч нартай хамтран Сонгинохайрхан дүүргийн 11, 22-р хороонд оршин суух 1546 ахмадтай нэг бүрчлэн уулзан судалгаа хийжээ. Ахмадуудыг амьдарч буй орчин, эдийн засгийн нөхцөл, эрүүл мэнд зэрэг үзүүлэлтээр гурван бүлэгт хуваасан байна.
1-р бүлэгт асран хамгаалагчтай, эдийн засгийн боломжтой хүмүүс орж байгаа бол 2-р бүлэгт ганц бие мөн тодорхой хэмжээнд эдийн засгийн дэмжлэг хэрэгтэй ахмадууд багтсан байна. Харин 3-р бүлэгт 139 ахмад настан багтаж, асран хамгаалагчгүй, асаргаа, сувилал, хүнс хоолны дэмжлэг хэрэгтэй хүмүүс оржээ.
Дэлхийн 30 гаруй улс оронд ашиглаж байгаа “Идэвхтэй насжилтыг дэмжих” төвийн үйлчилгээг үр дүнтэй болгохын тулд хорооны нийгмийн ажилтан, өрхийн эмч нар, асрамжийн үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд нэг баг болж ажиллах юм байна.
Сайд “Active Aging Hub буюу “Идэвхтэй насжилтыг дэмжих” төвийн загварыг үндэсний хэмжээнд тогтолцоо болгон ашиглах боломжтой. Цаашид ахмад настныг дэмжсэн бодлого хэрэгжүүлэхдээ асаргааны хувилбарт үйлчилгээг үзүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг нэмэгдүүлэх, идэвхтэй насжилтыг дэмжих, санхүүгийн дэмжлэгийг нэн шаардлагатай ахмадуудад хүргэх бодлогыг бид хэрэгжүүлнэ. бүлэгт санхүүгийн дэмжлэг үзүүлнэ" гэлээ.