Баянзүрх дүүргийн 17, 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн уулзвараас “Газарчин” сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж байна.
Үүний дараа Цагдаагийн гудамжны авто замыг шинэчлэх юм.
Тодруулбал, эхний ээлжинд "Оргил" худалдааны төвөөс Хилчингийн уулзвар хүртэлх 800 метр авто замыг шинэчилнэ. Хоёрдугаарт, хилчингийн уулзвараас Офицеруудын тойрог хүртэлх авто замыг шинэчилнэ. Эдгээр замын талаар болон ойрын өдрүүдэд хийж дууссан авто замуудын талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр ““Да хүрээ” зах 1 дэх өдөр амардаг. Энэ өдрийг ашиглан Эрдэнэтолгойн уулзвараас “Газарчин” сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж байна. Энэхүү 14 метр өргөн, 4 эгнээ авто замыг аравдугаар сарын 7-9-ний өдрүүдэд шинэчилж дуусахаар төлөвлөсөн. Бид аль болох хугацаанаас нь өмнө ажлыг дуусгаад хөдөлгөөнийг нээнэ. Тиймээс иргэд та бүхэн зорчих замаа төлөвлөж, хүлээцтэй байхыг хүсье. Бид зам засварын талаар мэдээллийг тогтмол хүргэж ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанхуарангийн 1.5 км урт, 4 эгнээ авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ. Циркийн уулзвараас "Барс" захын уулзвар хүртэлх авто зам, Хүннүгийн гудамжны авто замын урд эгнээг шинэчилж дууслаа. Өнөөдөр Хүннүгийн гудамжны хойд эгнээг хааж, засвар, шинэчлэлт үргэлжилнэ. Ойрын өдрүүдэд нийт засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилнэ. Тиймээс хаасан замуудын талаар мэдээллийг Улаанбаатар мэдээ пэйж хуудсаас авч байгаарай” гэв.
Түүнчлэн цаг агаар шөнөдөө хасах хэм рүү орж байгаагаас шалтгаалж өдрийн цагаар замын хучилтыг хийж байгаа билээ.