Ази, Номхон далайн бүсийн улсуудын гамшгийн асуудлаарх сайд нарын бага хурал Бүгд Найрамдах Филиппин улсын нийслэл Манила хотноо өнөөдөр эхэллээ.
Хоёр жил тутам зохион байгуулагддаг уг бага хурал энэ удаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах, идэвх санаачилгыг Ази, Номхон далайн бүс нутагт 2030 он хүртэл нэмэгдүүлэх нь” сэдвийн хүрээнд явагдаж байна.
Бага хурлын үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан НҮБ-ын ЕНБД-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах албаны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Камал Кишортой албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын Засгийн газар "Синдайн үйл ажиллагааны хүрээ" баримт бичгийн хэрэгжилтийг зохион байгуулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлж, тус салбарт бүс нутгийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах талаар санал солилцов. Түүнчлэн Монгол Улсад 2025 онд зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх дэд бүс нутгийн хуралдаанд НҮБ-ын ЕНБД-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах албаны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Камал Кишорыг оролцохыг урив.
НҮБ-ын ЕНБД-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах албаны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Камал Кишор уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг уур, ган зудын хүндрэлийг даван туулах, болзошгүй хохирлын хэмжээг бууруулах талаар Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээг НҮБ дэмжиж ажиллах болно хэмээн цохон тэмдэглэлээ.
Мөн уулзалтаар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн шуурхай удирдлагын бүсийн төвийг байгуулах асуудлаар тодорхой ахиц дэвшил гаргаж, Зүүн-Хойд Азийн бүсэд чиглэсэн хамтын ажиллагааны платформ байгуулахаар талууд санал солилцлоо.