Цаг агаар
Валютын ханш
УИХ
2023-04-21
ЭЗБХ: “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2023.04.21/ хуралдаж, “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93.3 дахь хэсгийг үндэслэн төслийг Байнгын хороогоор дахин хэлэлцүүлэх горимын санал гаргаж дэмжигдсэн юм.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, тогтоолын төсөлд төмөр замын асуудлыг тусгахгүй юу хэмээгээд, мухар төмөр замыг хэрхэх, стандарт зөрчсөн зүйлийг залруулах талаар ямар арга хэмжээ авахаар төлөвлөж буйг тодруулсан.    

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбат, Б.Баттөмөр гишүүний ярьж байгаа стандарттай холбогдолтой асуудлыг тогтоолын төсөлд дэлгэрэнгүй тусгаж байгаа. “Эрдэнэс таван толгой” компанийн үндсэн үйл ажиллагаанд Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартыг ягштал мөрдүүлэх ёстой гэсэн асуудлыг тусгасан. Мөн олон улсын хэмжээнд уул уурхайн компанид тавигддаг нөхцөл шаардлага, стандартыг хангуулах талаарх заалтыг нэмэлтээр оруулж ирж байгаа гэсэн хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Тогтоолын төсөлд тусгасан УИХ-ын 2023 оны  08 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын хэрэгжилтийн талаар тусгажээ. Үүнийг 1072 хувьцаатай холбоотой асуудал гэж ойлгож болох уу хэмээн тодруулаад, 1072 хувьцаа олгогдсоноос хойш 90284 иргэн нас баржээ. Энэ хүмүүсийн өв залгамжлалын асуудлыг ярих ёстой. Мөн 13365 хүн монголын харьяатаас гарсан байна. Энэ хувьцаа олгогдсоноос хойш шинээр 900.000 гаруй хүүхэд төрсөн байна. Энэ хүүхдүүдэд шинээр хувьцаа олгох уу, үгүй юу гэж асуусан.

Тэрбээр, нийт хувьцаа авсан 440.000 иргэн өнөөдрийг болтол ногдол ашиг огт аваагүй байна. Тэгэхээр 1072 хувьцаатай холбоотой асуудлуудыг цэгцлэх, цаашлаад компани ашигтай ажиллаад байвал ногдол ашиг тараах, иргэд 1072 борлуулж эдийн засгийн эргэлтэд оруулдаг, өвлүүлдөг болох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан,  Монгол Улсын Засгийн газраас УИХ-ын 8 дугаар тогтоолын дагуу 1072 хувьцаа эзэмшигчдийн асуудлыг нэг мөр шийдэх асуудлыг судлаад өнгөрсөн 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс тодорхой үүрэг чиглэл өгсөн. Монгол Улсын иргэн бүр 1072 хувьцаа эзэмшигч болох, 2012 оны 04 дүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхэд бүрийг 1072 хувьцаа эзэмшигч болгохыг үүрэг болгосон. “Эрдэнэс таван толгой” компанийн хувьцааг нээлттэй хөрөнгийн биржээр арилжаалагдах боломжгүйгээр гаргасан байна. Энэ том уул уурхайн компанийн хувьцаа нэг дор төвлөрөхөөс урьдчилан сэргийлэх, иргэн бүр тус компаниас ногдол ашиг хүртдэг байх боломжийг бүрдүүлэх зорилготой байсан учраас арилжаалах боломж өнөөдөртөө байхгүй. Цаашдаа ч арилжаалах хэлбэр рүү орох боломж хомс юм билээ. Бас хувьцаатай холбоотой хэдэн асуудал үүсээд байгаа. 2015 онд Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн газрын үед 1072 хувьцааг мөнгөжүүлэх ажлыг тодорхой түвшинд хийсэн. Оюутны сургалтын төлбөр, ахмадуудаас хувьцааг нь шууд худалдаж авах зэрэг. Энэ нь цаашдаа бүх иргэн хувьцаа эзэмшигч болоод явах нөхцөлд доголдол үүсгээд байгаа. 1072 хувьцаа эзэмшигчид ногдол ашгийг хүртэж чадахгүй яваа асуудал бас байна. Тиймээс Засгийн газрын зүгээс иргэн бүр хувьцаа эзэмшдэг байх, жил бүр ногдол ашгийг тогтмол авдаг байх асуудлыг шийдэхээр байгаа гэдгийг хэлмээр байна. Монгол Улсад иргэн бүр “Эрдэнэс таван толгой” компанийн хувьцаа эзэмшигч болно, нас нөгчсөн, Монгол Улсын иргэншлээс гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн эрх хаагддаг байх зохицуулалт хийх юм гэлээ.

УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг үндэслэн Байнгын хорооноос боловсруулсан “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ