БХЯ-ны Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны газрын дарга, хурандаа Р.Энхболдтой ярилцлаа.
- Яг өдийд улс орон даяар цэрэг халах болон татах үйл ажиллагаа эд явагдаж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
Монгол Улсын Засгийн газрын 2023 шийдвэрээр тус оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэргийн алба хаагчдыг халах, 2024 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэргийн албан хаагчдыг татах бэлтгэл эд явагдаж байна. Үүнтэй холбогдуулан Батлан хамгаалах сайдын албан даалгавар гарсан. Энэ хүрээнд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Өнөөдрийн байлаар /2024.10.16/-нд 2023 оны хоёрдугаар ээлжээр Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэгт алба хаасан хугацаат цэргийн албан хаагчдыг халах арга хэмжээ 80 хувьтай байна. Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн алба хаагчдаа орон нутаг, ар гэрт нь хүлээлгэж өгөх ажиллагааг зохион байгуулж байна. 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэхэд энэхүү хоёрдугаар ээлжийн хугацаанд цэргийг халах ажиллагаа бүрэн дуусна.
- Хугацаат цэргийн алба хаагчдыг халах ажиллагаатай зэрэгцээд цэрэг татах арга хэмжээ өрнөж байна? Улаанбаатар хотод цэрэг татах ажиллагаа хэдийд явагдах вэ?
2024 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэргийн алба хаагчдыг татах ажиллагаа улс орон даяар зохион байгуулагдаж, орон нутгаас эхлээд байна. Энэ хүрээнд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2024 оны 10 дугаар сарын 18-20-ны хооронд үндсэндээ гурав хоногийн хугацаанд цэрэг татах ажиллагаа явагдана. Бэлтгэл ажлын хүрээнд аймаг, нийслэл, дүүргүүдийн цэрэг татлагын товчоод бэлтгэл ажлаа хангаад байна.
Тухайлбал,
Энэ удаагийн цэрэг татлагаас эхлэн цэрэг татах ажиллагаанд ажиллах цэргийн штабын болон эмнэлэгийн эрүүл мэндийн ажилтнуудад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах чиглэлээр АТГ-тай хамтран сургалт зохион байгуулахаас гадна ХӨСҮТ-тэй хамтраад халдварт өвчний талаар үзлэг, оношилгоо хийх чиглэлээр хамтран ажиллаж байна.
Мөн Цэргийн төв эмнэлэг, нийслэлийн 9 дүүргийн цэрэг татлагын товчооны эрүүл мэндийн үзлэгт нарийн мэргэжлийн эмч нар томилогдон ажиллахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
Энэ жилийн цэрэг татлагаар эрүүл мэндийн үзлэгийг дүүргүүдийн цэрэг татлагын товчоодуудад явуулаад, эрүүл мэндээрээ тэнцсэн алба хаагчдаа цэргийн ангид нь шууд хүлээлгэж өгөхөөр зохион байгуулалт хийж байна. Учир нь алба хаагчдад эрүүл мэндийн үзлэг хийж байгаа эмч, эмнэлэгийн байгууллагын ажилтан, алба хаагчдын хариуцлагыг нэмдүүлэх зорилготой юм.
- Цэрэг халах болон цэрэг татах ерөнхий зохион байгуулалтыг хэрхэн хийдэг вэ?
Цэргийн албаны тухай хуулиар хугацаат цэргийн албыг зохион байгуулах асуудлыг хуульчилсан байдаг. Хуулинд зааснаар аймаг, нийслэл, дүүргийн цэрэг татлагын товчоог тухайн орон нутгийн Засаг дарга гардан зохион байгуулах үүрэгтэй. Цэрэг татлагын товчоонд иргэдийг зарлан дуудах хуудсаар ирүүлэх, эрүүл мэндийн үзлэгээр оруулах, тэнцсэн цэргийн алба хаагчийг Зэвсэгт хүчний нэгтгэл, цэргийн ангиудад хүлээлгэж өгөх асуудлыг хуулинд тусгасанаар тухайн аймаг, нийслэлийн засаг дарга болон тамгын газрын үүрэг байдаг.
Харин хугацаат цэргийн албанд эрүүл мэндээр тэнцээд, зэвсэгт хүчний анги нэгтгэл, цэргийн ангиудад хувиарлагдаад ирсэн тохиолдолд ЗХЖШ-ын даргын баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу анхан шатны сургалтад хамрагдах ёстой. Ингээд хуулинд заасан хугацаа буюу нэг жилийн хугацаанд алба хаагаад, халагдах хүртэлх хугацаанд тухайн цэргийн асуудлыг Зэвсэгт Хүчний Жанжин Штаб /ЗХЖШ/ бүрэн хариуцдаг зохицуулалттай. Халагдсан цэргүүдээ буцаагаад орон нутаг, ар гэрт нь хүргэх ажиллагааг тухайн аймаг, нийслэлийн засаг дарга, тамгын газар, цэргийн штаб хариуцан зохион байгуулдаг.