Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2024-10-22
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хамтран газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулдаг. Сонгон шалгаруулалтыг түргэн, шуурхай, ил тодоор зохион байгуулах үүднээс цахимаар явуулж, Газрын биржийн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлээд буй. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газрын биржийн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Батчимэгтэй ярилцлаа.

-Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд хэдэн удаа газрын дуудлага худалдаа зохион байгуулсан бэ. Дуудлага худалдаагаар авсан газрын давуу тал нь юу вэ?

-Он гарснаар өнөөдрийн байдлаар нийт 9 удаа 89 байршилд дуудлага худалдаа зохион байгуулсан. Үүнээс 35 байршилд ялагч тодорч, нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулан олгосон. Дуудлага худалдаагаар авсан газар нь архитектурын төлөвлөлтийн даалгавартай байдаг.  Энэ нь иргэн, аж ахуйн нэгжийн цаашид хийх ажлуудад давуу тал болдог. Мөн нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газрын төлөв байдлын чанарын баталгааны дүгнэлтийг өгдөг. Энэхүү дүгнэлтийг 5 жилд нэг удаа хийдэг бөгөөд дуудлага худалдаагаар үнэ төлж газраа авснаар давуу талыг эдэлж буй.  

-Иргэд газрын дуудлага худалдаанд хэрхэн оролцох вэ?

-Иргэд газрын биржийн цахим систем буюу www.mle.mn сайтад оролцох хүсэлтээ илгээнэ. Дуудлага худалдаа болохоос 7 хоногийн өмнө хүсэлтээ өгч бүртгүүлнэ. Ингэхдээ дуудлага худалдааны анхны үнийн дэнчингийн 10 хувь буюу 12500 төгрөгийг Төрийн санд тушааснаар оролцох эрх нээгддэг.

-Дуудлага худалдаанд оролцох боломжгүй иргэн, аж ахуйн нэгж байгаа юу?

-Газар эзэмших, ашиглах хоёр зориулалтаар дуудлага худалдаа зохион байгуулагддаг. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид ашиглах эрхийн зөвшөөрөлтэй гэрчилгээ олгогдог бол 100 хувь Монгол Улсын хөрөнгө оруулалттай компанид эзэмших эрх нь олгогддог. Иймээс газар ашиглах болон эзэмших эрхтэй аль ч аж ахуйн нэгж, байгууллага оролцох боломжтой.

-Газрын дуудлага худалдааг зохион байгуулж буй ач холбогдол нь юу вэ?

-Газрын тухай хууль шинэчлэгдсэнээр дуудлага худалдаагаар газар олгоно. Бусад зориулалтаар газар олгохгүй гэдэг заалттай болсон. Тухайн газрын дуудлага худалдаанд хэдэн хүн оролцож байгаагаас хамаараад үнэ хэд дахин өсөж болно, эсвэл анхны үнээр ч зарагдаж болно. Амины орон сууц болон гэр бүлийн хэрэгцээнээс бусад газар дуудлага худалдаагаар зарагддаг.

-Дуудлага худалдааны анхны үнийг хэрхэн тогтоодог вэ?

-Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар батлагдсан аргачлалын дагуу 16 бүсэд 17 зориулалтаар дуудлага худалдааны анхны үнийг тооцдог. НИТХ-ын тогтоолоор 16 бүсийг төвөөс алслагдсан байдлаар тогтоосон.

Төвийн 1 дүгээр бүс дээр хамгийн өндөр үнэ нь 1 мв.к нь 140,800 төгрөг. Хамгийн багадаа алслагдсан 16 дугаар бүс дээр 1 мв.к нь 220 төгрөгөөр анхны үнийг тогтоодог.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ