Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны СХОГ-ын Статистик судалгааны хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн хэлтсийн дарга Вацлав Ийлекийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Б.Дэлгэржаргал Монгол, Чех улсууд уул уурхай, геологийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй бөгөөд сүүлийн жилүүдэд энэхүү хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг дурдаад, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газраас ирэх 4 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө баталсныг тэмдэглэв.
Уулзалтын үеэр талууд нүүрсний уурхайн технологийн шинэчлэл, уурхайн нөхөн сэргээлт, хаалт болон аж үйлдвэр, эрдэс баялгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүд хооронд холбоо тогтоож хамтран ажиллах, ногоон хөгжил, цэвэр эрчим хүчний шилжилттэй холбоотой асуудлаар харилцан санал солилцов.
Вацлав Ийлек ирэх оны 8-р сард Монголын уул уурхайн компани, аж ахуйн нэгжүүдийг БНЧУ-д айлчлуулахаар төлөвлөж байгааг тэмдэглэв.