Прокурорын байгууллага 2024 оны аравдугаар сарын 21-25-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 42466, мөрдөн байцаалтын 3192 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 201 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 88, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 44, Өмчлөх эрхийн эсрэг 42, Хүрээлэн байгаа орчны эсрэг болон Авлига, албан тушаалын 9, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 5, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 4, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 2, Хүний амьд явах эрхийн эсрэг болон Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг тус бүр нэг хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
-Нийслэлийн прокурорын газраас Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгчээр ажиллаж байсан Д.Г нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд худал мэдээлэл оруулж, шүүхээс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хүнд гадаад паспорт олгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 23.4 дүгээр зүйлийн 1 /Улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-“М” компанийн барилгын инженерээр ажиллаж байсан Э.З нь хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгийн саналыг нэмэгдүүлэн, гэрээ байгуулсан компаниас 57.7 сая төгрөгийг шилжүүлэн авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Ашиг олох зорилгоор мэдээллийн технологи ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом /покер/ зохион байгуулж, нийт 802.7 сая төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авсан А.Д нарын 8 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах /-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Нэр бүхий компанийн захирал Д.С нар нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй компаниас эд хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр санхүүгийн хуурамч баримт цахим мэдээллийн санд шивж, их хэмжээний татвар ногдох орлого буюу 832 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 83 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийсэн/ -д яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдалгүй, шалгалтад тэнцсэн мэтээр гэрчилгээг гаргуулан авч, өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэнд хахууль өгсөн Д.Г, Ө.Б, Д.Д нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.