Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
2024-10-29
Сайд Ц.Туваан “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалтад оролцож байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Австрали улсад зохион байгуулагдаж буй “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалтад оролцож байна. 

11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй олон улсын эрдэс баялаг, уул уурхайн чуулга уулзалт (IMARC 2024) Австралийн Сидней хотноо албан ёсоор эхэллээ. Дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгчид, салбарын мэргэжилтнүүд болон оролцогч талуудыг нэгтгэсэн уг арга хэмжээнд Монгол улсаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц. Туваан, УИХ-ын гишүүд, уул уурхайн ТӨҮК-уудын удирдлагууд, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн төлөөлөл, элчин сайд Д. Даваасүрэн, хатагтай Кэти Смит нар оролцож, Монголын хөрөнгө оруулалтын боломжууд, хууль эрх зүйн орчныг танилцуулахаас гадна томоохон төсөл хэрэгжүүлэгчид өөрсдийн төслүүдийн явцыг танилцуулах юм.

Чуулганы нээлтийн хэлэлцүүлгүүд нь "Чухал ашигт малтмалын нэмүү өртгийн сүлжээг байгуулах нь" сэдвээр өрнөж байна. Энэхүү сэдвээр ногоон технологи болон эрчим хүчний шилжилтийг түргэсгэхэд нэн чухал эрдсүүдийн тогтвортой, найдвартай ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох шаардлагыг онцолж буй юм.

10-р сарын 29-31-ний өдрүүдэд үргэлжлэх "IMARC 2024" арга хэмжээнд 300 гаруй компани, түүний дотор 90 гаруй уул уурхайн компаниуд оролцож, салбарын хамгийн сүүлийн үеийн шинэчлэл, хөгжлийг танилцуулж буй юм. Мөн 9000 гаруй оролцогч ирж, салбарын хөгжлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх өргөн боломжийг олгох юм.

Монгол Улс "IMARC 2024" арга хэмжээнд идэвхтэй оролцсоноороо олон улсын түншлэлээ хөгжүүлэх, дэлхийн уул уурхайн салбарт эзлэх байр сууриа бэхжүүлэх эрмэлзлээ мөн илэрхийлж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ