Цаг агаар
Валютын ханш
Ерөнхийлөгч
2023-04-24
БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргийн хамт Монгол Улсад хүрэлцэн ирэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт төрийн айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирэв.

Ерөнхийлөгч Анджей Дудаг гэргийн хамт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко болон албаны бусад хүн угтан авав.

Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэнэ.

Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан томоохон зорилтууд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд польшийн талтай хамтран ажиллах талаар ярилцана.

Түүнчлэн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтэц, боловсрол, соёл зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцоно.

Айлчлалын хүрээнд Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.

No description available.

А.Дуда Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчөөр 2015 сонгогдсон бөгөөд 2020 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдсон.  Тэр бээр 2008 онд БНПУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Төрийн нарийн бичгийн орлогч даргаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгч асан Лех Качинскийг дагалдан Монгол Улсад ирж байсан.

1990 оноос хойш  БНПУ-аас хамгийн сүүлд буюу 2013 онд Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчилсан юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ