Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлд нийт 138 мянга гаруй өрхийг хамруулж, орон сууцтай болгожээ.
Цаашид ипотекийн зээлд хүн амынхаа зорилтот бүлгийг түлхүү хамруулах, урт хугацаанд хэрэгжих хамгийн сайн санхүүжилтийн механизмыг гаргах талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал С.Амартай ярилцсан байна.
Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхдээ заавал өндөр барилга гэхгүйгээр, хашаандаа сайхан амьдрах, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барихад бодлогын дэмжлэг үзүүлэхэд Дэлхийн банкнаас зөвлөх ажиллуулж байна.
Зорилтот бүлэг гэдэгт юун түрүүнд гэр хорооллоос орон сууц руу, нийслэлээс орон нутаг руу шилжиж буй иргэд, анх удаа байр авч буй залуу гэр бүл хамаарна.
Байрны үнийг хөөсрөхөөс сэргийлэх, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих ногоон зээлийг дэмжиж, арилжааны банк, Монголын ипотекийн корпорацийн уялдаа, хууль эрхзүйн орчныг сайжруулах хэрэгцээ шаардлага байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.
Тэрбээр "Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоогүй, нэгдсэн бодлогогүй явснаас үүдэн энэ зээл зорилтот бүлэгтээ төдийлөн хүрсэнгүй. Танил талаа ашиглаж зээл гаргуулаад, олон байр аваад түрээслэчихдэг бизнесийн зарчим руу шилжсэн"-ийг хэлж байлаа.