Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2023-04-25
Явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж дээр ТҮЦ байршуулж болохгүй

Нийслэлийн зүгээс нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлж, иргэдийн саадгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд анхаарч байна. 

Энэ дагуу автобусны буудал, явган хүний зам зэрэг нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг нүүлгэн шилжүүлж байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Өргөө” кино театрын урд талын автобусны буудлууд дээрх ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлсэн юм.

Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа өчигдөр холбогдох албаныхантай хамт газар дээр нь ажиллав.

Тэрбээр "Нийслэлд зөвшөөрөлтэй ТҮЦ нэг ч байхгүй. Гагцхүү тухайн дүүрэг, орон нутгаас нь худалдаа эрхлэх боломжтой хэмээн тодорхой байршил зааж өгсөн ТҮЦ л гэж бий. ТҮЦ-ийн эргэн тойронд орчны бохирдол ихээр үүсэж, иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулдаг. Мөн стандартын шаардлага хангаагүй боловсруулсан хүнсээр иргэдэд үйлчилдэг зэрэг гомдол, санал олон ирдэг. Нэг талаасаа олон жил худалдаа эрхэлсэн, үүгээр амьдралаа залгуулж буй иргэд ч бий. Нөгөө талдаа сүлжээ эрхлэх буюу нэг хүн олон ТҮЦ ажиллуулдаг тохиолдол ч байна. Дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс ч эдгээрийг ялгаж, салгаж ойлгох, худалдаа эрхлэгчидтэйгээ нягт хамтарч ажиллах хэрэгтэй. Дүүргүүдэд худалдаа эрхлэх боломжтой тодорхой байршил, цэгүүдийг тогтоох эрх нь бий. Тиймээс дүүргийн удирдлагууд ТҮЦ-ийн худалдаа эрхлэгчидтэйгээ харилцан тохиролцох хэрэгтэй гэсэн" юм.

Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн "Нийслэлийн зүгээс ТҮЦ-ийг аль зам дээр, хаана байршуулах вэ гэдгийг шийдэх эрхийг дүүргүүдийн Худалдаа үйлчилгээ эрхлэх зөвлөлд өгсөн. Гэхдээ явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж дээр байршуулах эрхгүй. Худалдаа эрхэлж, ажил амьдралаа залгуулж байгаа иргэдийнхээ нөхцөл байдлыг ойлгож байгаа ч нийтийн эрх ашгийн төлөө нүүлгэхээс өөр аргагүй. Хотын стандартын дагуу автобусны буудал, явган хүний зам дээр тохижилт хийж байна. Мөн ногоон байгууламж, дугуйн зам ч бий болно. Тэгэхээр стандартын дагуу тохижилт хийсэн талбайд ТҮЦ тавих боломжгүй. Тиймээс ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгчдэд худалдаа эрхлэх боломжит байршлуудыг зааж өгч байгаа" хэмээлээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ