Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2024-11-12
Жирэмсэн үед уух болон татгалзах амин дэмүүд

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Эх баригч Б.Энхчимэг жирэмсэн ээжүүдэд зориулсан хоол тэжээл, эрдэс витамин, нэмэлт тэжээлийн талаарх зөвлөмжийг хүргэж байна.

Хамгийн чухал нь зөв хооллолтын дадал зуршилтай байхаас гадна жирэмслэхээр төлөвлөж буй 3 сарын өмнөөс эхлэн жирэмсний 12 дахь долоо хоног хүртэл фолийн хүчил уух нь зүйтэй.

ЖИРЭМСЭН ҮЕД ЯАГААД НЭМЭЛТ ВИТАМИН УУДАГ ВЭ

Хүний бие махбодод амин дэм, эрдэс бодис үүсдэггүй тул тэдгээрийг өдөр тутам хоол хүнсээр зайлшгүй авах шаардлагатай байдаг. Аминдэм, эрдэс бодисыг “бичил тэжээл” гэж нэрлэдэг бөгөөд хүний бие махбодод маш бага хэмжээгээр шаардагдах боловч хэвийн өсөлт хөгжил, бодисын солилцоо, аливаа өвчнөөс сэргийлэхэд чухал үүрэгтэй. Ялангуяа амин дэмийн хэрэгцээ нэмэгдэх үе буюу жирэмсэн үед та өөрт шаардлагатай байгаа эрдэс, витаминыг заавал нэмэлтээр хэрэглэх хэрэгтэй. Энэ нь ургийн өсөлт хөгжилтөд амин чухал хэрэгцээ болж өгдөг.

ЖИРЭМСЭН ҮЕИЙН ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТ

Бид хоол тэжээлээр дамжуулан хэрэгцээт макро шим тэжээл болох уураг, нүүрсус, өөх тос, микро шим тэжээл болох амин дэм, эрдэс бодисыг авч байдаг. Жирэмсэн үед бие махбодын бодисын солилцоо идэвхжиж, энергийн зарцуулалт нэмэгддэг хэдий ч их идэх биш зөв идэх нь хамгийн чухал байдаг. Жирэмсний эхний 3 сард нэмэлт илчлэг шаардлагагүй бол хоёр дахь сард 300 ккал, гурав дахь сард 450 ккал нэмэлтээр авбал зохилтой. Энэ үед эрдэс бодис, амин дэмээр баялаг цагаан идээ, шинэ жимс, ногоо, үр тариа, уургаар баялаг мах, шош, самар сайн хэрэглэж, боловсруулсан болон лаазалсан бүтээгдэхүүн, халуун ногоо, кофе, чихрийн хэрэглээг хязгаарлах хэрэгтэй.

ЖИРЭМСЭН ҮЕД УУХ БОЛОН ТАТГАЛЗАХ АМИН ДЭМҮҮД

Биед сайн гэсэн бүхнийг биш яг хэрэгтэй зүйлээ хэрэглэх нь хамгийн зөв. Жирэмсэн үед зарим төрлийн витамины тун ихсэх нь эсрэгээрээ ургийн гажиг үүсгэх ч эрсдэлтэй байдаг тул эрдэс, амин дэмийн хэмжээгээ тодорхойлсны үндсэн дээр уух нэмэлтээ сонгох хэрэгтэй. Жирэмсэн үед заавал нэмэлтээр авах витаминд фолийн хүчил, В12, В6, С байдаг бол тосонд уусдаг витамин буюу А, Д, Е, К витаминыг нэмэлтээр хэрэглэхдээ тун, хэмжээнд анхаарах шаардлагатай байдаг. Жишээ нь, ургийн төв мэдрэлийн тогтолцооны хөгжилд чухал үүрэгтэй фолийн хүчлийг эхний 3 сард хэвийн тунгаас 3 дахин ихээр авах хэрэгтэй байдаг тул энэ нь хоол хүнсээр хангалттай нөхөгдөх боломжгүй юм.

ЖИРЭМСНИЙ ВИТАМИН УУСНААС ХҮҮХДИЙН БОЛОН ЭХИЙН БИЕИЙН ЖИН НЭМЭГДЭХ ҮҮ

Эрдэс, витамин нь илчлэггүй буюу калоргүй байдаг тул биеийн жинд нөлөөлдөггүй. Харин төмөр гэх мэт зарим эрдэс нь өтгөн хатахад нөлөөлдөг тул эслэг өндөртэй хүнс илүү ихээр хэрэглэх шаардлагатай байдаг.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ