Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2024-11-13
Агаарын бохирдлыг бууруулж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх санамж бичиг байгууллаа

Чингэлтэй Дүүргийн ЗДТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллын айл өрхүүдийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны санамж бичигт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска нар гарын үсэг зурав.

Санамж бичиг байгуулснаар Улаанбаатар хот, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг дэмжих, иргэдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадварыг бэхжүүлж, тэдний амьжиргааг дэмжихэд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.

Тодруулбал, “Нүүрснээс нарны эрчим хүчинд” чиглэсэн шилжилтийг дэмжих санаачилгыг хэрэгжүүлж, гэр хороолол дахь айл өрхүүдэд сэргээгдэх эрчим хүчинд түшиглэсэн халаалтын шийдлийг хэрэгжүүлэх замаар нүүрсний хэрэглээг бууруулна. Энэ хүрээнд эхний ээлжид Чингэлтэй дүүргийн 100 хүртэлх айл өрхөд нарны эрчим хүчинд түшиглэсэн халаалтын шийдлийг нэвтрүүлнэ. Урт хугацаандаа агаарын бохирдлыг бууруулж, ногоон ажлын байрыг бий болгон, Улаанбаатар хотын иргэдэд амьдрах эрүүл орчныг бий болгох юм. Түүнчлэн иргэд төдийгүй байгууллагуудад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чухал хөшүүрэг болох нүүрстөрөгчийн зах зээлийн үндэсний тогтолцоо, зохицуулалтыг боловсруулах чиглэлд анхааран ажиллана.

Уг санаачилгын эерэг боломжуудын талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “НҮБХХ-тэй хамтран ажиллаж байгаа нь Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг болох гэр хорооллын агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Энэхүү хамтын ажиллагаа нь Чингэлтэй дүүргийн айл өрхүүдэд бодит шийдлүүдийг авчирч, агаарын бохирдлыг бууруулж, байгаль орчин болон оршин суугчдад ашигтай цэвэр эрчим хүчний сонголтуудыг бий болгож байна” гэлээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска энэхүү хамтын ажиллагаа нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн тухай эмхлэн гаргасан “Хүний хөгжлийн үндэсний баримт бичиг”-ийн гол агуулга зөвлөмжүүдтэй уялдаж байгааг онцоллоо. Мөн тэрбээр "Улаанбаатар хот болон Монгол Улсын хэмжээнд тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг хийхэд дэмжлэг үзүүлэх бодит алхмыг хийлээ. Чингэлтэй дүүргийн айл өрхүүдэд нарны эрчим хүчийг ашиглах шийдлийг нэвтрүүлснээр бид агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй, хүн бүрт илүү тэгш, хүртээмжтэй ирээдүйг цогцлоох боломжтой" гэлээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ