Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг “Майн ам”, “Монгол алт” зэрэг газарт гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хяналт шалгалт зохион байгуулж, Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжтэй 9 үйлдлийг илрүүлж, 34 этгээдийг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Хяналт шалгалтаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 13 экскаватор, усан буу 6, Зил-131 автомашин 5, Норд бенц маркийн ачааны автомашин 1-ийг битүүмжилж, экологи, эдийн засагт учирсан хохирлын үнэлгээг хийлгүүлэн, хууль бусаар газрын хэвлийд халдахаар нууж байршуулсан техник, бартаа саадтай ууланд нуусан хүнд даацын экскаватор 5-ыг олж тогтоон, цагдаагийн байгууллагад татан байршуулж ажилласан.
Мөн дээрх этгээдүүдтэй гэмт хэрэг хамтран үйлдсэн, хууль бусаар олборлосон алтыг худалдан авч, санхүүжүүлж байсан Я.Э-ийн гэрт Нийслэлийн прокурорын газрын зөвшөөрлөөр нэгжлэг хийж 819.5 грамм алт, 65 килограмм цагаан мөнгө, бэлнээр 60 сая төгрөг, бичиг баримтгүй галт зэвсэг 2-ыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг Прокурорын газрын хяналтад зохион байгуулж байна.