Женев хотноо 2024 оны аравдугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд хуралдаж буй НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 81 дүгээр чуулганаар Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц” (“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц” гэх)-ын хэрэгжилтийн талаарх нийт зургаан улс (Иордан, Камерун, Кувейт Монгол, Намиби, Тайланд)-ын тайлан-илтгэлийг хэлэлцэж байна.
Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын Оролцогч улс нь конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайлан-илтгэлээ тус конвенцод нэгдэн орсноос хойш 1 жилийн дотор, түүнээс хойш 4 жил тутам НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороонд хүргүүлдэг бөгөөд манай улс конвенцын хэрэгжилт, Хорооноос өмнө өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилтийн талаарх ээлжит 3 дугаар илтгэлээ 2021 онд хүргүүлсэн.
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид тус 81 дүгээр чуулганы 11 дүгээр сарын 12-13-ны өдрийн нээлттэй хуралдаанд оролцож, Монгол Улсын ээлжит 3 дугаар илтгэлийг илтгэлийг хүргүүлснээс хойш хууль, эрх зүйн орчинд хийгдсэн шинэчлэл, бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, Хорооны гишүүдийн асуултад хариулав.
Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам (Женев дэх Байнгын төлөөлөгчийн газар), Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Улсын Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газрын төлөөлөгчид орж ажиллаж, ээлжит илтгэлээ амжилттай хэлэлцүүллээ.
НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо манай улсын хэлэлцүүлгийн мөрөөр дүгнэлт, зөвлөмжөө 11 дүгээр сарын 22-ны өдөр нийтэд танилцуулна.