Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2021-05-23
ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТ ЭРҮҮЛ АМЬДРАХЫН ҮНДЭС

Зохистой хооллолт гэдэг нь дараах 3 үндсэн зарчим дээр тулгуурладаг.

  1. Хоногийн хоол хүнс нь хүний бие махбодын тухайн өдөрт зарцуулсан илчлэгийг бүрэн нөхөж чадах хэмжээний байх
  2. Хэрэглэж байгаа хоол хүнсний найрлага дахь шимт бодис, амин дэм, эрдэс бодис нь бие махбодын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах хэмжээтэй байх
  3. Өөрийн бие махбодын онцлогт тохируулан тодорхой дэглэмтэй хооллодог байх

Хоногийн хоолны илчлэг

Хүний бие махбодын үйл ажиллагааны явц, ажил хөдөлөмөр хийхэд зарцуулагдаж байгаа энергийг илч зарцуулалт гэнэ. Хүний бие махбодын онцлог шинж чанар, өвөг дээдсийн уламжлалт зан заншил, оршин буй газар нутаг, цаг агаарын онцлог, цусны бүлэг, насны байдал, эрүүл мэнд, ажил хөдөлмөрийн онцлог зэргээс хамаарч хоол, хүнс тэжээлийн хэрэгцээ өөр өөр байна. Илчлэг (калори) ихтэй хоол хүнсийг хэрэглэхэд хөдөлгөөн багатай ажил хөдөлмөр эрхэлдэг бодисын солилцоо багасч илүүдэл илчлэг нь биед хуримтлагдаж таргалалт үүсч цаашилбал өвчлөл үүсэх аюултай. Иймд өөрийн эрхэлж буй ажил хөдөлмөртөө тохируулан хооллох нь зүйтэй. Зөв зохистой хооллох нь хүний эрүүл энх аж төрөх, урт удаан наслах, гоо сайхан байдлаа удтал хадгалах, насан өндөр болтлоо эрүүл чийрэг бие бялдартай байх эх сурвалж болдог. Хүний биед хоол, хүнсээр дамжин орсон шимт бодисууд нь хүний биеийн эд эсийг сэргээх, нөхөн сэлбэх чухал үүрэгтэй. Эрдэмтдийн судалгаагаар “Хоногт хүний биед нэг сая эс задарч шинээр солигддог” болох нь тогтоогджээ. Ийм болохоор өөрийн бие махбодийн онцлог, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал, байгаль цаг уур, улирал зэрэг олон хүчин зүйлийн нөлөөллийг тооцон хоол ундаа зөв тохируулж, олон нэр төрлийн хоол, хүнсний бүтээгдэхүүнүүдийг зохицуулан хэрэглэх нь тухайн хүний хувьд зохистой хооллолт болно.

                                    

Хоол хүнсний найрлага дахь шимт бодис, амин дэм, эрдэс бодис

Аливаа амьд организмд агаар, ус, хоол хүнс зайлшгүй шаардлагатай байдаг шиг хоол хүнсний найрлагад орох нэн чухал 5 шимт бодис байдаг. Эдгээрийг хүн зөвхөн хоол хүнсээр дамжуулан авдаг. Үүнд: уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс бодис орно. Шимт болисууд нь мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, будаа, жимс, жимсгэнэ, төмс, хүнсний ногоонд их хэмжээгээр агуулагддаг. Хүний бие махбодыг нөхөн төлжүүлэх уургаар баялаг хоол хүнсэнд мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ зүй ёсоор ордог бол биеийн эсэргүүцлийг сайжруулах, амин дэмээр баялаг хоол хүнсэнд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ орно. Харин илчлэгийн эх үүсвэр бол өөх тос, мөн нүүрс усаар баялаг хоол хүнс ялангуяа амьтны гаралтай өөх тостой хүнсний бүтээгдэхүүн, нүүрс ус ихтэй будаа, гурилан бүтээгдэхүүн хамаарагдана. Амьтны болон ургамлын гаралтай хоол, хүнсийг тохируулан хэрэглэх нь зүйтэй. Ингэснээр хүний биеийн
хэвийн үйл ажиллагааг хангах шим тэжээлийн бодисуудыг авах болно.

                       

Хооллох дэглэм

Хүний идсэн хоол нь ходоодонд 4 цаг орчим байж боловсрогдоод цааш гэдсэнд ордог тул хүн өдөрт 4 цагийн зайтай, 5-6 удаа хооллох нь илүү тохиромжтой байдаг. Хоногийн хоолыг:

өглөө - 25%

бага үд -15%

өдөр- 35%

орой- 25% нь байхаар хуваарилбал илүү тохиромжтой болно. Оройн хоолыг унтахаас 2-3 цагийн өмнө идвэл зохино. Өдөр тутмын хоол хүнс аль болох олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг агуулсан байх хэрэгтэй.

Өглөө - будаа, гурилан бүтээгдэхүүн, цагаан идээ

Бага үдэд - сүү, цагаан идээ, хүнсний ногоо, жимс,

Өдөр -  мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүнтэй хоол, гурил, будаа, төмс, хүнсний ногоо

Орой - мах багатай хоол, төрөл бүрийн ногоо, жимс жимсгэнэ хэрэглэх нь зөв.

Зохистой хоол нь шимт бодис, амин дэм, эрдэс бодисоор баялаг байхын зэрэгцээ хүний өдөрт шаардагдах шингэний (ус) хэмжээ нь 2,5 литрээс багагүй байвал зохино.

                         

 Хооллоход онцгойлон анхарах нь:

  • өөх тос, элсэн чихэр, давсны хэрэглээг бууруулах
  • хэт халуун, хэт хүйтэн хоол ундааг хэрэглэхээс зайлс хийх
  • байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх
  • сүү цагаан идээ, жимс, жимсгэнийг тогтмол хэрэглэж хэвших
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ