Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
8 цаг 4 мин
“Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт, хариу арга хэмжээг сайжруулах нь” хурал болж байна

Нийгмийн эрүүл мэндийн жил болон нийслэлийн 385 жилийн ойн хүрээнд эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчид, эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажил, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тулгамдсан асуудлаа тодорхойлон, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, судалгааны ажлын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт, хариу арга хэмжээг сайжруулах нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгуулж байна. 

Тус эрдэм шинжилгээний хуралд дархлаажуулалт бүхий халдварт өвчин, зонхилон тохиолдох болон зоонозын халдварт өвчин, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчин, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн хариу арга хэмжээ сэдвийн хүрээнд эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүд судалгааны ажлаа танилцуулах юм.

Хурлын үеэр нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган “Нийгмийн эрүүл мэндийн нэн чухал ажил бол халдварт өвчин, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, хянан судлах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа юм. Сүүлийн жилүүдэд нийслэл хот коронавируст халдварын цар тахал, томуу, томуу төст өвчин, улаан бурхан өвчний дэгдэлт, үерийн гамшиг, шалтгаан нь тодорхойгүй химийн хордлого, угаарын хийн хордлогын нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал зэрэг сорилттой тулгарсан хэдий ч амжилттай даван гарсан.

Дэлхий нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй цар тахал, шинэ болон сэргэж буй халдвар ихсэх хандлагатай байгаа өнөө үед халдварт өвчний тандалт, сэргийлэлт, оношилгоо, эмчилгээнд дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх, сургалт, судалгаа, хүний нөөцийн тогтвортой хөгжил, чанар аюулгүй байдлыг тасралтгүй хангах асуудал чухлаар тавигдсаар байна” гэлээ.

Эрдэм шинжилгээний хурлыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас ХӨСҮТ, Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит анагаах ухааны хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ