Цаг агаар
Валютын ханш
Улс төр
6 цаг 14 мин
НҮБ-ын Гэмт хэрэг, мансууруулах бодистой тэмцэх албатай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар НҮБ-ын Гэмт хэрэг, мансууруулах бодистой тэмцэх албаны Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч Масуд Каримипур тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт, мөнгө угаах болон авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн өргөжүүлэх боломжийн тухай талууд санал солилцов.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар дээрх чиглэлээр салбарын яам болон харьяа агентлаг, байгууллагуудын хэмжээнд хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлсэн бол төлөөлөгч Масуд Каримипур Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, цахим гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэрэг, авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд хамтран ажиллах боломжтой гэж мэдэгдсэн.

Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхуяг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Монгол Улс дахь Хууль сахиулах байгууллагын чадавхыг сайжруулах хөтөлбөрийн менежер Лонг Нгуен, тус хөтөлбөрийн үндэсний зөвлөх Г.Бадарч нар оролцов. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ