Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай нийслэлийн 2025 оны төсвийн төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа.
Нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай тогтоолын төсөлтэй хамт Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн батлан тухай, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай, Төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг дарж булшлах нэгж тарифыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.
Нийслэлийн 2025 оны төсвийн төсөлд дараах үндсэн чиглэл, бодлогыг баримталж байна. Үүнд:
- Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
- Гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулна.
- Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийснээр авто замын түгжрэлийг бууруулна.
- Өнгөрсөн онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Ирэх онд төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг татварын бодлоготой уялдуулах, бизнес эрхлэгчдийн татварын орчныг хялбаршуулах, татварт хамрагдалтыг нэмэгдүүлэх, бүртгэл хяналтыг сайжруулснаар далд эдийн засгийг бууруулж, татварын суурийг өргөжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бүсчилсэн хөгжлийн бодлого, хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, ногоон хөгжлийн бодлого, засаглалын бодлого гэсэн үндсэн 5 бодлогыг хэрэгжүүлэхэд төсвийн төслийг чиглүүллээ. Энэ хүрээнд их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”, Туул хурдны авто зам, Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалт, Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол зэрэг томоохон бүтээн байгуулалтын санхүүжилтийг газар чөлөөлтийн зардлын хамт тусгалаа. Түүнчлэн Улаанбаатар хотын инженерийн барилга байгууламж, авто зам, хот нийтийн аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, ногоон байгууламжийн нийт 164 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.