ОХУ-ын уран гулгагчдын Монгол дахь шоу тоглолт ирэх тавдугаар сарын 6, 7-нд болно. Энэхүү тоглолтод алдарт Камила Валиева, Марк Кондратюк, Елизавета Туктамышева, Дмитрий Алиев, Петр Гуменник, Евгений Семененко, Софья Акатьева, Аделия Петросян зэрэг ганцаарчилсан төрлийн уран гулгагчид болон Анастасия Мишина, Александр Галлямов болон Виктория Синицина, Никита Кацалапов, Евгения Тарасова, Владимир Морозов нарын гурван хос уран гулгагч оролцох юм.
Дмитрий Алиев нь 23 настай ОХУ-ын Бүгд найрамдах Коми улсын Ухта хотод төрсөн. Тэрбээр 2020 оны Европын болон Оросын аварга, Залуучуудын олимпын хүрэл медальтай.
Аав талаасаа Азербайжан гаралтай. Ээж нь цанын спортын тамирчин аж. Дима 2005 оноос уран гулгалтаар хичээллэж эхэлжээ.
Дмитрий Алиев болон түүний найз охин Алиса Федичкинаг уран гулгалтын Ромео, Жулетта хоёр гэдэг байв. Нэг багт хамт хичээллэж, хайрлаж дурлалцаж, үүрд хамт байна гэж бие биедээ тангараг өргөж байсан тэдний зам 2018 онд салжээ.
Дима, Алиса хоёр мөсөн дээр ч хамт байхын тулд хосын төрөлд гулгах хүсэлтэй байсан гэдэг. Гэхдээ ганцаарчилсан төрлөөс илүү их эрсдэлтэй хосын төрөлд ороход найз охин нь яах бол гэдэгт Дима их санаа зовниж байсан аж. Тэр Алисаг тэмцээнд нь дасгалжуулж, бие биенээ дэмжиж, үргэлж хамт байдаг байв. Гэвч Алиса өөр багт орсноор тэдний зам салж, хүүхэд насны хайр дурлал насан туршийнх болж чадаагүй аж.
Дмитрий Алиевийн сүүлийн үеийн амжилтаас дурдвал “Finlandia Trophy”-гоос хүрэл, “Budapest Trophy”-гоос мөнгөн медаль хүртсэн.
Харин Оросын цомын аварга шалгаруулах тэмцээнд богино үзүүлбэртээ нэгдүгээр байрт жагссан ч чөлөөт үзүүлбэрт олон алдаа гаргаж, дөрөвдүгээр байрт оржээ.
2022 оны есдүгээр сард ОХУ даяар хэсэгчилсэн цэргийн дайчилгаа эхлэхэд Дмитрийд цэргийн зарлан ирсэн гэх мэдээлэл байдаг.
Оросын уран гулгалтын оддын оролцох шоу тоглолтыг Монголын Биеийн тамир, спортын улсын хороо болон ОХУ-ын Уран гулгалтын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.