Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.
Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо.