Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаан /2024.12.10,11/ хоёр өдөр үргэлжилж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан.
Хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хүлээн авч “алдагдалгүй төсөв батлах” чиглэл өгсний дагуу Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг шинэчлэн боловсруулж, дахин өргөн барьсныг дурдаад төсвийн төсөлд зардлыг бууруулахад баримталсан зарчмыг танилцуулав. Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамжийн сангаас олгох хүүхдийн мөнгөн тэтгэмж, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж, түүнчлэн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж, зээлийн үйлчилгээний төлбөр, мөн хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос төсвийг нь хянаж жилийн төсөвт тусгуулахаар ирүүлсэн шүүхийн байгууллагууд болон Хүний эрхийн Үндэсний Комисс зэрэг байгууллагуудын урсгал зардлыг тус тус бууруулахгүй байхаар тусгажээ.
Харин салбар харгалзахгүйгээр бүх төсөвт байгууллагуудын тавилга, эд хогшил худалдан авах, сургалт, семинар, хурал зөвлөгөөн хийх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, гэрээт ажилтан ажиллуулах, дуудлагын автомашин хөлслөх, зөвлөл, хороо, комиссын гишүүний урамшууллын зардал мөн, соёлын эрхийн бичиг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Кино урлагийг дэмжих сан, засаг захиргааны нэгж, төрийн захиргааны байгууллагыг үр дүнгээр шагнах, урамшуулах, идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих болон эрүүл идэвхтэй амьдрал хөтөлбөрийн зардлыг 100 хувь тус тус бууруулах, эрүүл мэнд болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад бүх байгууллагын тээвэр шатахууны зардал, төрийн өндөр дээд айлчлал болон гадны өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах зардал, эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбараас бусад салбарын дадлага, бэлтгэл сургуулилт хийх зардал, бүх шатны төсвийн байгууллагын дотоод албан томилолт, бичиг хэргийн зардал, багаж техник хэрэгсэл худалдан авах зардлыг тус тус 50 хувиар бууруулахаар тусгасан гэв.
Мөн улсын төсвийн хөрөнгөөр шинээр гүйцэтгэх геологийн хайгуул, судалгааны ажлыг 50 хувь бууруулахаас гадна байр ашиглалтын зардал, хангамж, бараа материал, нормативт эм бэлдмэл, нормын хувцас, хоол, урсгал засвар, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас, шилжүүлэг, эргэж төлөгдөх зээл, бараа үйлчилгээний бусад зардал, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэмжээ, боловсролын тэтгэлэг, авто зам, гүүрэн байгууламжийн засвар ашиглалтын зардлыг 10 хувиар тус тус бууруулсан байна.
Түүнчлэн тэрбээр танилцуулгадаа, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан, ажлыг эхлүүлсэн төслүүдийг дуусгахын зэрэгцээ гэрээ байгуулаагүй, ажил эхлээгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж, хойшлуулах, зарим их засвар, Техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг бууруулж, хэлэлцээрийн шатанд байгаа төсөл болон гадаад зээлийн ашиглалтыг бууруулж, хэлэлцээрийн шатанд байгаа Үндэсний хиймэл дагуулын төсөл болон бусад төслийн зээлийн ашиглалтыг хойшлуулахаар болсныг дурдав.
Ингээд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ)-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийн ашигтай болохоор байна.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд төрийн аудитын байгууллагаас өгсөн дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулсан.
Аудитын дүгнэлтэд, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд хамаарах Сангийн сайд, Монгол Улсын Ерөнхий аудитор, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд нарын төсвийн ерөнхийлөгчийн захирагчийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 21,281.3 тэрбум төгрөгөөр, зарлагыг 5,208.9 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөснийг дурдлаа.
Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлал, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн боловч цаашид анхаарах асуудлын талаар танилцуулав. Тухайлбал, эдийн засгийн гадаад хүчин зүйлийн нөлөөлөл, уул уурхайн салбарын голлох нэрийн бүтээгдэхүүний эрэлтээс шалтгаалж нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй тохиолдолд зарлагыг санхүүжүүлэх эх үүсвэр дутагдах, орлого тасрах эрсдэлийг тооцох шаардлагатай. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг төсөвт өөрчлөлт оруулах бүрд нэмж өөрчилж байгаа нь төсвийн удирдлагын зарчим, сахилга батыг алдагдуулж, дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн ач холбогдлыг бууруулж байна гэсэн байв.
Мөн цахим систем болон техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын өртөг зардлыг тооцож төлөвлөх, хянах, хэрэгжүүлэх, хүлээн авахтай холбоотой зохицуулалт, жишиг үнэ, заавар журам хангалтгүй байгаа нь төсөвт өртгийг үндэслэлтэй тооцож, үр ашигтай төлөвлөхөд сөргөөр нөлөөлж байна. Төсвийн урсгал зарлагыг хумьж, зарим хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөсөн нь төсвийн зарлагын ДНБ-д эзлэх харьцааг бууруулсан сайн талтай боловч зардлыг хэт механикаар хассан нь 2025 онд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулах, тоо хэмжээг хумих эрсдэл үүсэх магадлалтай байна. Төрийн үйлчилгээг илүү цомхон бүтэц, ухаалаг байдлаар үзүүлэхийн тулд төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх тогтолцооны өөрчлөлтийг хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байна гэж дурдсан байлаа.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 12-т “Төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын хуулийн этгээдээр аудит хийлгэж болно. Тухайн санхүүгийн жилд аудит хийлгэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах этгээдийг Засгийн газар тогтооно” гэж тусгасан нь Улсын Их Хурлын Засгийн газарт тавих хяналтын зарчмыг алдагдуулахаас гадна Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гарсан хууль тогтоомжтой нийцэхгүй байна гэж дүгнэлтэд дурдсан байлаа.
Хуулийн төсөл болон аудитын дүгнэлттэйхолбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, З.Мэндсайхан нар асуулт асууж, үг хэлсний дараа хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн хийв.
Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 303 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Р.Сэддорж, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Т.Аубакир, Ж.Батжаргал, Б.Бат-Эрдэнэ, Ж.Баярмаа, Д.Ганмаа, Х.Ганхуяг, Б.Жаргалан, Д.Жаргалсайхан, Б.Заяабал, М.Мандхай, Ц.Мөнхбат, П.Мөнхтулга, М.Нарантуяа-Нара, О.Номинчимэг, Д.Пүрэвдаваа, Л.Соронзонболд, Б.Түвшин, Г.Уянгахишиг, С.Цэнгүүн, Б.Энхбаяр, Д.Энхтүвшин нарын 26 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд уг ажлын хэсэг 2024 оны 12 дугаар сарын 07, 08, 09, 10-ны өдрүүдэд тус тус хуралдсан байна.
Тэрбээр, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухайд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилт хэсэгт туссан бүтээн байгуулалтын салбар, үйл ажиллагаа, төслийн жагсаалтыг Улсын Их Хурал батлахаар, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хувьд, гаалийн татварын хөнгөлөлт эдлэх салбарт газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмж, мөн хөнгөлөлт эдлэх боловсруулах үйлдвэрийг тодорхой болгох үүднээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.1-д заасны дагуу баталсан Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал, түүний тодорхойлолтыг баримтлахаар тусгасан гэв.
Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйл буюу 211.12 дахь хэсгээс “аудит хийлгэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах этгээдийг Засгийн газар тогтоох”-оор заасныг хасахаар, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн чуулганы санал хураалтын үр дүнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зарим зүйл, хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Соёлын тухай хуулийн зарим хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох тухай, Кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах болсонтой холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаахаар, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хувьд, хуулийн дагаж мөрдөх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгож өөрчлөх саналуудыг гаргасан гэлээ.
Түүнчлэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хувьд, төсвийн ил тод, үр ашигтай байдал, санхүүгийн хариуцлагыг сайжруулах чиглэлээр арга хэмжээг авах, бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөр, хураамж, зардлын эдийн засгийн ангиллыг төсвийн ерөнхийлөн захирагч, зориулалт, арга хэмжээний нэр төрлөөр цаашид жилийн төсвийн тухай хуулийн хавсралт болгон нэмэлтээр тусгаж байх, олон улсын сайн туршлагад үндэслэн гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээнд хуулиар хязгаарлалт тогтоох, уг зардалд тавих шаардлагыг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөнд тусгах, аудитын тайлангаар баталгаажуулах, олон нийтэд нээлттэй мэдээлэх зэрэг холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг санал гаргасан гэв.
“Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн тухайд, бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэхэд тавих хяналтыг сайжруулж, төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шийдвэрлэх, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх, тусгай сан тус бүрийн төсөвлөлт, зарцуулалт, зориулалтын асуудлаар гүйцэтгэлийн аудит, эсхүл олон улсын итгэмжлэгдсэн аудитын байгууллагаар аудит хийлгэж, аудитын дүгнэлтийг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулах, гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн үр ашгийн эрэмбийг гаргаж, удаашралтай байгаа төслүүдийг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар санал боловсруулан 2025 оны хоёрдугаар улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдэд үүссэн өр, авлага, зээлийн асуудалд дүн шинжилгээ хийх, төрийн байгууллагуудад ашиглаж буй мэдээллийн систем, программ хангамж, тоног төхөөрөмж, кибер аюулгүй байдлын программ хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалтын өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, тайланг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах зэрэг үүргийг Засгийн газарт өгөхөөр санал бэлтгэсэн гэдгийг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдав.
Засгийн газрын тусгай сантай холбоотойгоор Боловсролын зээлийн сангийн хуримтлагдсан авлагыг 33.6 тэрбум төгрөгөөр эргэн төлөлтийг нэмэгдүүлэх, Боловсролын зээлийн сангийн нийт зардлыг нэмэгдүүлэлгүйгээр тус сангаас олгох зээл, тэтгэлгийн зардлыг зээлийн эргэн төлөлтөөс төвлөрүүлсэн дүнгээр санхүүжүүлэх, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хуримтлагдсан авлагын эргэн төлөлтийг 40.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, Архидан согтууруулахтай тэмцэх сангийн зардлыг 6.9 тэрбум төгрөгөөр, Байгаль орчин, уур амьсгалын сангийн зардлыг 0.7 тэрбум төгрөгөөр тус тус хасах саналыг тусгажээ.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг үндэслэн дээрх сангуудад улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй олгосон санхүүжилтийг улсын төсөвт төвлөрүүлэх замаар төсвөөс санхүүжих дүнг бууруулах, нөгөө талдаа тус сангуудын зарцуулалтын нийт зардлыг нэмэгдүүлэхгүйгээр үр ашигтай захиран зарцуулж, зохицуулалт хийх саналыг гаргасан болно гэлээ.
Төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотойгоор “Монгол Улсын 2025 оны төсөв батлагдсан холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийг тодорхой хугацаанд Улсын Их Хуралд өргөн барих асуудлыг Засгийн газарт даалгах,Төрийн өмчит болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн авлага 2023 оны эцсийн үлдэгдлээр 2.7 их наяд төгрөг байгааг бууруулах арга хэмжээ авах, Төрийн өмчийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн хооронд зээл олгож байгаа үйл ажиллагааг таслан зогсоох, үүссэн өр, авлагын асуудлыг цэгцлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх саналыг гаргасан гэлээ.
Түүнчлэн гадаад зээл, тусламжийн ашиглалтын талаар зээлийн ашиглалтыг үр ашигт тулгуурласан, эдийн засгийг тэлэх, томоохон дэд бүтцийн хөрөнгө оруулалтын шалгуураар эрэмбэлж, удаашралтай, үр ашиг багатай төслүүдэд зохих арга хэмжээ авч, танилцуулах, цаашид зээлийн гэрээг үр ашигтай байх зарчмыг баримталж, зээлийн бүрэлдэхүүнд урсгал зардал буюу зөвлөх үйлчилгээ, төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардал, сургалт гэх мэт урсгал зардлын эзлэх хувь хэмжээг бууруулах, цаашид хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой төслүүдийг гадаад зээлээр санхүүжүүлэхгүй байх арга хэмжээг авах саналыг тогтоолын төсөлд нэмэхээр тусгасныг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдав.
Урсгал зардлын талаар: Төрийн зарим байгууллагын 2025 оны төсвийн жилд нэмэгдсэн шинэ орон тоог 2024 оны түвшинд байхаар бууруулж, холбогдон гарах цалингийн сан, нийгмийн даатгалын шимтгэл болон холбогдох бусад үйл ажиллагааны зардлыг төсвийн төслөөс бууруулах нь зүйтэй гэж үзлээ. Засгийн газрын тухай хуулиар Засгийн газрын гишүүдийн эрхлэх үндсэн хүрээний ажлыг хуулиар тодорхой тусгаж, зохицуулсан байдаг. Төрийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах зорилгоор Засгийн газрын гишүүдийн эрхлэх асуудлын чиг үүргийн давхардлыг арилгаж, төсвийн тухай хуульд зааснаар хамгийн бага зардлаар хамгийн өндөр үр өгөөж өгөх шалгуур үзүүлэлт, үр дүнг цаашид УИХ шаардаж байх болно. Иймээс Төрийн албаны бүтэц орон тоо, чиг үүрэг, давхардал, хийдэл, тухайн ажлын үр дүн, хэмжих шалгуур үзүүлэлтийг нарийвчлан тооцож, хамгийн оновчтой бүтэц, бүрэлдэхүүн, шийдлийг эрэлхийлж, төсвийн төслийг боловсруулж байх нь зүйтэй гэж үзсэн болно. Бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөр, хураамжийн талаарх эрх зүйн орчин хангалтгүй, Сангийн сайдын зардлын эдийн засгийн ангилал баталсан тушаал хэт ерөнхий, мөрдөх боломжгүй байгааг засаж сайжруулах зүйтэй гэж үзлээ. 2025 оны төсвийн жилд зарим төсвийн ерөнхийлөн захирагч нарын зарим урсгал зардлыг бууруулах нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багц дахь татаасыг 3,000.0 сая төгрөгөөр, “Эрчим хүчний реформын үндэсний хороо”-ны мэдээлэл, сурталчилгааны зардлыг 9,000.0 сая төгрөгөөр, Бүх төсөвт байгууллагын түлш халаалтын зардлыг 11,500.0 сая төгрөгөөр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцад тусгагдсан Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх хөтөлбөрийн зардлыг 2,000.0 сая төгрөгөөр тус тус бууруулах саналыг ажлын хэсгээс дэмжсэн байна гэж танилцуулгад дурдлаа.
Зардал нэмэгдүүлэх талаар: 2025 оны төсвийн жилд хэрэгжүүлэх нийгэмд тулгамдсан зарим зардлыг санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: Хавдрын эмнэлгийн барилгын лизингийн төлбөрт 20,000.0 сая төгрөг, тус эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардлыг 8,881.7 сая төгрөгөөр, сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд зориулж 31,400.0 сая төгрөг, цэцэрлэг, 3 ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн байрны түрээсийн зардалд зориулж 10,000.0 сая төгрөг, Хавдар судлалын үндэсний төвийн барилгын их засварын 2025 онд санхүүжих дүн 2,881.4 сая төгрөгийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад нэмж тусгахаар шийдвэрлэсэн гэж байлаа.
Ингээд хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсэг, Байнгын хороод, Төсвийн байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалаа. Тухайлбал, Ажлын хэсгээс зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр зохицуулалт хийх хүрээнд гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Боловсролын сайдын төсвийн багцад тусгагдсан Боловсролын зээлийн сангийн өмнө олгосон зээлийн эргэн төлөлтийг 33,604.2 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, тус сангийн нийт зардлыг нэмэгдүүлэлгүйгээр сангаас олгох зээл, тэтгэлгийн зардлыг зээлийн эргэн төлөлтөөс төвлөрүүлсэн дүнгээр санхүүжүүлэх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцад тусгагдсан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн өмнө олгосон зээлийн эргэн төлөлтийг 40,700.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, тус сангийн нийт зардлыг нэмэгдүүлэлгүйгээр сангаас олгох зээл, тэтгэлгийн зардлыг зээлийн эргэн төлөлтөөс төвлөрүүлсэн дүнгээр санхүүжүүлэх зэрэг Засгийн газрын тусгай сангийн нийт зардлыг нэмэгдүүлэхгүйгээр зохицуулалт хийх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.
Түүнчлэн зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд өөрчлөлт оруулах болон Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэр өөрчлөх хүрээнд гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Ажлын хэсгээс Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэлийн орлогыг 1,556.7 сая төгрөгөөр бууруулах, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэлийн орлогыг 694.0 сая төгрөгөөр бууруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Үргэлжлүүлэн Байнгын хороодоос хуулийн төслүүдийн талаарх дэмжсэн, дэмжээгүй талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайханаас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн 2 дугаар хавсралтын XXI.1.8 дахь заалтын “Налайх Дулааны шинэ эх үүсвэр 79МВт-ын эхний ээлжийн ажил /Улаанбаатар, Налайх дүүрэг/, Төсөвт өртөг 56,354.9 сая төгрөг, 2025 онд санхүүжих дүн 16,906.5 сая төгрөг” гэсэн төсөл, арга хэмжээний нэрийг “Нийслэлийн Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилга” гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжив. Уг саналыг Нийгмийн бодлогын байнгын хороо дэмжээгүй байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, С.Эрдэнэболд, Х.Баасанжаргал, Г.Уянгахишиг, Дав.Цогтбаатар, М.Энхцэцэг нараас гаргасан зарчмын зөрүүтэй зарим саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Д.Батбаяр нар зарчмын зөрүүтэй саналаа татаж авлаа. Дараа нь Төсвийн байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2024 оны12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүдэд тараасныг танилцуулсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ. Хууль, тогтоолын төслийн талаарх Ажлын хэсэг, Байнгын хороод, Төсвийн байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсны дараа энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байгаагүй тул энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов