Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2023-04-28
М.Ганбаатар: 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна
Дэлхийн банк болон БОАЖЯ хамтран “Монгол орны хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, бууруулахад чиглэсэн байгальд түшиглэсэн шийдлүүдийг төлөвлөх” чиглэлээр хийсэн судалгааны үр дүнг хэлэлцлээ.
 
Хэлэлцүүлэгт БОАЖ-ын Дэд сайд М.Ганбаатар, Дэлхийн банкны Хүрээлэн буй орчны тэргүүлэх эдийн засагч Доктор Жиованни Рута, нараас гадна Дэлхийн банкны холбогдох ажилтнууд, ЗГХА Ойн газар, Усны газрын мэргэжилтнүүд, ТББ-уудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцлоо.
 
“Монгол Улс, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын талуудын байгуулсан Парисын хэлэлцээрт нэгдэн орж, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-ийг тодорхойлж баталсан. Мөн урт дунд хугацааны хөгжлийн бодлого стратегид уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох зорилтуудыг тавин ажиллаж байна. Энэ хүрээнд хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Монгол Улсын хувьд Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтоо 2019 онд баталж, 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг ердийн нөхцөлтэй харьцуулахад 22.7 хувиар бууруулах зорилт тавьсан. Эдгээр зорилтуудыг бодит ажил болгох, эрчим хүчний эх үүсвэрүүдийн хатуу түлшний хэрэглээг бууруулах, уламжлалт мал аж ахуй, газар тариалан, барилга байгууламж, зам тээвэр, олборлох аж үйлдвэрийн салбаруудын техник технологийг шинэчлэх, эдийн засгийг бүхэлд нь байгаль экологи, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, шинэ арга технологийг нутагшуулах замаар өртгийг бууруулж, өгөөжийг нэмэгдүүлэх суурь шилжилтийг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэдгийг БОАЖ-ын Дэд сайд М.Ганбаатар хэлсэн үгэндээ онцлов.
 
Хэлэлцүүлгийн хүрээнд Дэлхийн Банк болон БОАЖЯ хамтран “Монгол орны хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, бууруулахад чиглэсэн байгальд суурилсан шийдлүүдийг төлөвлөх” судалгааг Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дорноговь аймгуудад хийж гүйцэтгэн, судалгааны үр дүнг танилцууллаа.
 
Судалгааны үндсэн зорилго нь сонгон авсан байгальд суурилсан шийдлүүдийг хэрэгжүүлснээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөлөөллийг багасгах боломжийг үнэлэх зорилготой. Энэ хүрээнд байгальд суурилсан шийдлүүд мод тарих, ойжуулах, ойн болон бэлчээрийн менежментийг сайжруулах, хүлэрт намгийг хамгаалах, цөлжилттэй тэмцэх, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, агро-ойжуулалт зэрэг олон чиглэлийг хамруулж байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 
 
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ