Цаг агаар
Валютын ханш
Хууль
2023-05-01
АТГ: Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 4 дүгээр сарын 24-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 158 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 125 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 854 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 6 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 824 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

- “А” нь Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэх;

- Гадаадын иргэн, харьяатын газрын албан тушаалтан “М” нь удаа дараагийн үйлдлээр хахууль авсан гэх;

- Дундговь аймгийн Гурвансайхан сумын удирдах албан тушаалтан “Э” бусдад давуу байдал бий болгосон гэх;

- “Ц” нь Нийслэлийн соёл, урлагийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа албан чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаасан гэх;

- УБТЗ-ын албан тушаалтан “Ү” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;

- “О” нь улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байх хугацаандаа бусдаас хахууль авсан гэх;

- “Т” нь төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалд ажиллаж байхдаа өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ