Цаг агаар
Валютын ханш
Ерөнхийлөгч
2021-05-24
Ц.Баяр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр СЕХ-оос үнэмлэхээ гардан авснаар 14 хоногийн сонгуулийн сурталчилгаа ийнхүү албан ёсоор эхэлж байна. Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ,  “Зөв ХҮН  электорат” эвслээс Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдөнө.

 МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх “ Нэгдүгээрт нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд анхаарна. Хараат бус шүүх, прокурорын тогтолцоог бэхжүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэх, сайжруулахад ихээхэн анхаарна. Хүн засагладаггүй, хууль засагладаг төр улстай болох ёстой гэж үзэж байна. Хоёрдугаарт хүний эрх, эрх чөлөө, ардчилсан тогтолцоог эрх зүйт төрийг бэхжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллана. Монголын ард түмний үнэт зүйл, ололт амжилтын нэг бол парламентын засаглал, хүний эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн зах зээлийн эдийн засагтай нийгэм. Энэ тогтолцоог хадгалах, хамгаалах, улам боловсронгуй, бэхжүүлэхийн төлөө ажиллана.

Монгол Улс бол нэгдмэл нэг улс. Ардчилсан намын Монгол, Ардын намын Монгол гэж байхгүй. Бид нэг эх ороной. Тиймээс ард түмэн, улс орны эв нэгдлийг илэрхийлэгч, сахин хамгаалагчийн хувиар ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно.Монголчууд байгалийн баялагтаа эзэн байх ёстой. Байгалийн баялаг гэдэг бол хэн нэг хүний хийсэн бүтээгдэхүүн биш. Байгалийн баялаг бол бурхны хишиг. Тэр утгаараа Монголын иргэн бүр байгалийн баялгаас ижил тэнцүү хүртэж байх ёстой. Тиймээс баялгийн сан байгуулж, түүнээсээ бүтээн байгуулалтын ажлыг хийж, иргэддээ ногдол ажиг олгодог байхад анхаарал тавьж ажиллана гэдгийг тэрээр онцлов.

 Харин АН-ын нэр дэвшигч С.Эрдэнэ “2020 онд гарсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл дахин давтагдахгүй гэдэгтээ итгэл төгс байна. СЕХ-ны МУ Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай танилцсан.  Өмнөх сонгуулийн үед байсан хяналт, чиг үүргийг хийсэн байна. Аль нэг улс төрийн нам, хэн нэгэн албан тушаалтны нөлөөнд автахгүй, Монгол улс, Монгол төрийн үндсэн хуулийг дээдлэх зарчмаар идэвхтэй, шударгаар хамтран ажиллана гэдэгтэй итгэлтэй байна” гэв.

 “Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат “ “Зөв ХҮН электорат” эвслээс миний биеийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн. Манай эвслээс боловсруулсан мөрийн хөтөлбөрийн дагуу, мөн биднийг дэмжигчдийн хүсэл мөрөөдлийн тусгасан хөтөлбөрийн дагуу би энэ сонгуульд оролцож байна. Нийгэм, эдийн засгийг улам төгөлдөржүүлэх, иргэдийн амжиргааг дээшлүүлж, шударга ёс, авлигатай тэмцэхийн төлөө, Монгол хүн бүрийг эх орноо хөгжүүлэх ажилд оролцуулахын төлөөх хөтөлбөртэйг нэр дэвшиж байна.

Хэрэв бид Ерөнхийлөгчийн институцыг байгуулах эрх авч, миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдвол хамгийн эхний алхам нам, нас, хүйс үл харгалзан Монголын хамгийн чадалтай, туршлагатай хүмүүсийг оролцуулсан шинэ баг байгуулан ажиллах болно. Энэ баг маань нэг намын бус Монголын баг байх болно. Тиймээс ч энэ сонгуульд “Монголчууд чадна” гэдэг уриатай оролцож байна. Монгол Улс хөгжихийн тулд дарга нар, хаалттай хэдэн намд найдах ёсгүй. Монгол Улсын хөгжүүлэхийн тулд гурван сая иргэн оролцох ёстой. Бид хөгжиж чадна. Би одоогоос 15 жилийн өмнө иргэний холбоо байгуулахдаа "Та бид чадна" гэдэг уриатай байсан. Монгол хүн чадна. Энэ бол манай урианы мөн чанар. Бид хичээж, зүтгэх болно” гэсэн юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ