Хэрэх өвчин яс, булчин гэмтээдэг
Чийгтэй нойтон газар, өвс, ой шугуй, модтой газар удаан амьдарсан, тослог шимтэй идээ удаан хугацаагаар хэрэглэснээс болж тунгалаг эс боловсрон шар ус дэлгэрч мах, арьс, яс, судас, бүлэг шөрмөсөнд оршиж барилдуулагч бадганы үйлдлийг доройтуулснаас хэрэх өвчин үүснэ. Зарим тохиолдолд өдрийн нойрыг буруудуулсан, халуун өвчний гэмээр, зарим өвчний үед хануур эртэдсэнээс шалтгаалж үүсдэг.
Хэрэх өвчний үед халуурч байгаа мэт удаан хугацаагаар бие жихүүцэн, даарч, бие бадайран, толгой, сүүж, бэлхүүс, дөрвөн мөч өвддөг. Мөн биеийн тамир доройтож, залхуу хүрч, хоолны дуршил муудан, их хөлрөмтгий болдог. Шархирч өвдөнө. Хэрэх өвчнийг ерөнхийд нь цагаан хэрэх, хар хэрэх гэж хоёр хуваан, түүнийгээ задлан нийтдээ зургаа ангилдаг. Цагаан хэрэх нь том үенүүдийг хамардаг харьцангуй өвдөлт багатай. Харин хар хэрэх нь өвдөлт ихтэй, жижиг үенүүдийг хамардаг. Үе мөчний өвчин хөдөлмөрийн чадварыг алдагдуулдаг.
Хэрэх өвчний үед идээ унд, явдал мөрийг сахих нь эмчилгээний маш чухал хэсэг. Ерөөсөө идээ унд, явдал мөрийг алдагдуулснаар өвчин үүсэж байгаа юм. Тиймээс тухайн өвчний үед ямар идээ унд идэж, ямар явдал мөрөөр явах вэ гэдгээс шалтгаалж өвчний эдгэрэлт явагдана. Шим тэжээл, илчлэг ихтэй хоол ундыг тэвчиж, хөнгөн чанартай шингэхэд хялбар хоол унд идэх хэрэгтэй.
Жишээ нь, цагаан будаатай хоол, үнээний тараг, буцалгаж хөргөсөн ус, цай зэрэг хөнгөн идээ унд хэрэглэнэ. Даршилсан, нөөшилсөн, исгэлэн, иссэн, тос ихтэй, халуун чанартай хоол хүнсийг тэвчих шаардлагатай. Явдал мөрийн хувьд өдрийн халуунд унтаж, хүйтэн чийгтэй газар оронд байж болохгүй. Хуурай чийггүй орчинд хөлөргөх төдий алхуулан, дасгал хөдөлгөөн хийвэл сайн.
Манба Дацан Нэгдсэн эмнэлэг
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.