Олон улсад ахуйн хэрэглээнд усыг цэвэршүүлэхэд зориулагдсан олон төрлийн арга, технологийн өргөн хэрэглэдэг бөгөөд манай улсад олон төрлийн ус шүүх төхөөрөмжийг хэрэглэж байна.
Ус боловсруулах олон арга байдаг бөгөөд тухайн аргыг сонгохдоо усны эх үүсвэрийн найрлага шинж чанар, усыг хэрэглэх зориулалтаа тодорхойлсон байх ба ихэнх тохиолдолд усны чанарын үзүүлэлтээс хамаарна.
Тухайн усанд чухам ямар элемент болон хольц илүүдэлтэй байгаагаас шалтгаалан цэнгэгжүүлэх, зөөлрүүлэх, цэвэршүүлэх, төмөргүйжүүлэх, хлоржуулах, фторжуулах, фторгүйжүүлэх, халдваргүйжүүлэх зэрэг ус боловсруулалтын олон аргаас сонгоно.
Эрүүл мэнд: Ундны усыг цэвэршүүлж хэрэглэх нь ходоод гэдэсний архаг үрэвсэл болон бөөр давсаг, цөсний чулуужилтаас хамгаална. Ундны усны найрлага дахь ерөнхий эрдэсжилтийн хэмжээ бага байх нь хүний бие махбодид ус, давсны тэнцвэрт байдлыг алдагдуулах бөгөөд биеийн жин буурах, булчин хатингарших, кальцийн дутагдал, зүрх, судасны өвчлөл зэрэг эмгэгт өртөх эрсдэл үүсдэг.
ЗӨВЛӨМЖ: Иймд хэрэглэгч та бүхэн унданд хэрэглэж буй усаа лабораторийн шинжилгээнд хамруулан ус цэвэршүүлэгч төхөөрөмж ашиглах эсэхээ тодорхойлох нь чухал юм. Мөн шүүлтүүрийг тогтмол сольж байх нь ус бохирдох эрсдэлээс сэргийлнэ.