Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Хоёрдугаар сарын 14-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч сул байна.
2025 оны 02-р сарын 13-ны 20 цагаас 2025 оны 02-р сарын 14-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 28-33 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 20-25 хэм, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 7-12 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 0-5 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, шөнөдөө цас орохгүй. Маргааш оройдоо ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 хэм, бусад хэсгээр 14-16 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, шөнөдөө цас орохгүй. Маргааш оройдоо ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.
2025 оны 02-р сарын 15-наас 02-р сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хоёрдугаар сарын 15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд Халх голын сав газраар, 17-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэмийн хүйтэн, өдөртөө 3 хэмийн дулаанаас 2 хэмийн хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.