Нэг эх үүсвэрийн хэлцлийн хүрээнд чанарын баталгаатай 5 нэр төрлийн хими эмчилгээний тариаг БНСУ-аас хүлээн авч хэрэглэхэд бэлэн болоод байгаа билээ.
Эхний ээлжид тус эмүүдийг ХСҮТ-д эмчлүүлж буй иргэдэд хэрэглэж, цаашид улсын хэмжээнд хавдрын хими эмчилгээ хийж буй бүх эмнэлэгт нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа аж.
Мөн 2025 онд хими эмчилгээнд хэрэглэх эмийн нэр төрлийг 20 хүртэл тоогоор нэмэгдүүлэхээр үнийн хэлцэл хийгдэж байгаа гэнэ.
ХСҮТ-ийн Хими эмчилгээний тасгийн эрхлэгч Я.Замбалгарав хавдрын химийн эмчилгээний эм бэлдмэлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улсад нийт 30-аад мянган хавдрын бүртгэлтэй өвчтөн байна. Манай улсад 40 гаруй төрлийн хавдрын эсрэг эм хэрэглэж байна. 23 төрлийн химийн тариа хэрэглэж байна. Сүүлийн шатанд оношлогдсон бүрэн гүйцэд төгс эмчлэгдэхгүйтэй холбоотой энэ статистик гараад байна. Энэ эмчилгээ дээр бол мэдээж системийн эмчилгээ эмийн чанар болоод хүртээмж нилээд нэмэгдэж байна. Жилд манай төвөөр химийн системийн эмчилгээ 1200-1300 өвчтөн 8000 гаруй удаагийн давтан эмчилгээнд хамрагдаж байна. Яамны бодлогын хүрээнд нэг эх үүсвэрээс чанартай, өндөр технологийн эмийг үнэ хямд авах бодлогын хүрээнд Солонгосын таван нэр төрлийн эмийг хүлээн аваад хэрэглэж эхлэх гэж байна.
Хавдрын 40 гаруй төрлийн эмийг даатгалаар 100 хувь өгч байгаа. "Korean United Pharma" гээд нилээн өндөр технологиор үйлдвэрлэгдсэн таван төрлийн эм байна. Ходоод, уушги, умайн хүзүү, улаан хоолой, хөхний хавдарт хэрэглэгддэг таван эмийг манай улсад хэрэглэж байна” гэлээ.