АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шинэ тарифуудын хор хөнөөлийг зах зээл шингээж чадахгүй байгаатай холбоотойгоор хөрөнгийн зах зээлд хүчтэй дарамт үүссэн энэ үед "Goldman Sachs" долоо хоногт хоёр дахь удаагаа АНУ-д хямрал үүсэх эрсдэлийн үнэлгээгээ нэмэгдүүлэн гаргалаа.
Тус хөрөнгө оруулалтын банкны эдийн засагчид, тэргүүн Жан Хатзиусын удирдлага дор АНУ-д ирэх 12 сарын дотор хямрал үүсэх магадлалыг 45 хувь гэж үнэлж байна.
Энэ нь өнгөрсөн долоо хоногийн 35 хувиас өссөн үзүүлэлт юм. Үүнээс өмнө "Goldman Sachs" энэ эрсдэлийг ердөө 20 хувь гэж тооцож байсан юм.
Жан Хатзиусын үзэж буйгаар хямралын эрсдэлийг нэмэгдүүлж буй гурван гол хүчин зүйл бий аж. Тодруулбал,
- Санхүүгийн нөхцөл байдал тарифын мэдээнээс хойш түүний хүлээлтээс илүү хурц байдлаар чангарсан.
- АНУ руу чиглэсэн гадаадын аялал жуулчлал суларч эхэлсэн бөгөөд энэ нь болзошгүй "бойкоттой" холбоотой байж болзошгүй.
- Бодлогын тодорхойгүй байдлыг хэмждэг үзүүлэлтүүд нь өмнөх худалдааны дайнтай харьцуулахад илүү өндөр түвшинд хүрч өссөн гэжээ.
Хамгийн том 7 хөрөнгө оруулалтын банк хямралын эрсдэлийн үнэлгээгээ нэмэгдүүлсэн бөгөөд J.P. Morgan АНУ болон дэлхий нийтийн хямралын магадлалыг 60 хувь гэж тооцоод байна.
Учир нь тарифууд нь зөвхөн АНУ-д инфляц үүсгээд зогсохгүй, Хятад улс хариу арга хэмжээ зарласны адил бусад улс орнуудын эсэргүүцлийг өдөөж болзошгүй гэжээ.



