ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит 221 дүгээр чуулган дөрөвдүгээр сарын 2-17-ны өдрүүдэд хуралдаж өндөрлөв.
Энэ удаагийн чуулганы хуралдаанаар олон чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргасан бөгөөд ЮНЕСКО-ийн стратеги, хүний нөөц, төсөв санхүү, хөтөлбөрийн асуудлуудыг хэлэлцлээ.
Зөрчилтэй бүс нутгууд болох Украин, Газын зурвас, Ливан, Судан, Сири дэх ЮНЕСКО-ийн мандатын хүрээний асуудлууд, НҮБ-ын харъяа Палестин дахь дүрвэгсдэд туслах байгууллагын (UNRWA) боловсролын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг олон асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа.
Монгол Улсаас ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү бүгд хуралдаанд оролцож манай улсын ЮНЕСКО-ийн хүрээнд хийгдэж буй зарим асуудлаар, Дэлхийн өвийн хорооны гишүүний 2025-2029 оны сонгуульд нэрээ дэвшүүлсэн талаар мэдээлж, мөн “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө манай улс ЮНЕСКО-ийн боловсрол, соёл, шинжлэх ухаан, харилцаа мэдээллийн салбарт хүчин чармайлт гарган ажиллаж байгааг тэмдэглэлээ.
Тус чуулганы үеэр Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Олон улсын зөвлөх хорооны үнэлгээний үр дүнд бүртгэхийг санал болгосон 74 баримтат өвийг “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн жагсаалтад шинээр бүртгэсэн бөгөөд үүнд манай улсын Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс нэр дэвшүүлсэн эртний монгол хэл бичгийн дурсгал болох Хүйс толгойн бичиг болон Монголын Анагаах ухааны академийн нэр дэвшүүлсэн Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэрийг баримтат өвийн дэлхийн бүртгэлд бүртгэж баталгаажуулав.