Тайландын нийслэл Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-27-нд болсон бөгөөд 29 орны 289 (эрэгтэй 165, эмэгтэй 124) тамирчин өрсөлдлөө.
Тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар нарын удирдлага дор 18 жүдоч өрсөлдөхөд хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн нар мөнгө, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, +78 кг-д А.Адъяасүрэн нар хүрэл медаль хүртлээ. Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Азийн АШТ-ий иж бүрдэл (2019 онд хүрэл, 2024 онд алт, 2025 онд мөнгө) медальтан болсон бол Б.Ням-Эрдэнэ, А.Адъяасүрэн нар тус тэмцээний хоёр дахь медалиа, Т.Ариунзаяа анхны медалиа гардсан юм. Монголын баг тамирчид өнөөдөр багийн барилдаанд зодоглоно.
Азийн АШТ-ээс Монголын баг тамирчид өмнө нь нийт 26 алтан медаль хүртсэн ба Х.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од, М.Уранцэцэг, П.Лхамдэгд нар хошой аварга юм. Монголоос жүдо бөхийн Ази тивийн анхны алтан медалийг 1996 онд гавьяат тамирчин Д.Нармандах хүртэж байсан бол сүүлд (2024 онд) гавьяат тамирчин Б.Баасанхүү, Л.Энхрийлэн, ОУХМ Б.Эрхэмбаяр нар аваргалж байв.