Монгол Улсад бог малын мялзан өвчин 2016 онд анх баруун бүсийн аймгуудад бүртгэгдсэнээс хойш өргөн хүрээний дархлаажуулалт, идэвхтэй тандалт, малын шилжилт хөдөлгөөний хяналтыг хэрэгжүүлэх замаар уг өвчинтэй тэмцэж байна.
Бог малын мялзан өвчнөөр зөвхөн бог буюу хонь, ямаа өвчлөхөөс гадна зэрлэг амьтан болох зээр, бөхөн зэрэг амьтад өвчилдөг олон улсын худалдааны хориг тавигддаг, хил дамжин халдварладаг вирусын гоц халдварт өвчин юм.
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, ХХААБ-аас гаргасан дэлхий дахинаа бог малын мялзан өвчнийг 2030 онд багтаан шат ахиулан тэмцэж, устгах стратегийн ерөнхий зөвлөмжийн дагуу “Бог малын мялзан өвчинтэй тэмцэх, устгах стратеги 2022-2030”-ийг боловсруулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар батлуулсан.
Бог малын мялзан өвчинтэй тэмцэх стратегийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэн Монгол Улсыг 2030 онд бог малын мялзан өвчнөөр тайван улс болохыг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаар хүлээн зөвшөөрүүлэх зорилт тавин, дараах 3 үе шаттай үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
-1 үе шат 2022-2025 онд хэрэгжүүлэх Бог малын мялзан өвчинтэй тэмцэх үйл ажиллагаа:
-2 үе шат 2026-2028 онд хэрэгжүүлэх Бог малын мялзан өвчнийг устгах үйл ажиллагаа:
-3 үе шат 2029-2030 онд Бог малын мялзан өвчнөөр тайван байдлыг баталгаажуулах нийт 44 үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөн гүйцэтгэлийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Мөн дэлхий дахинд 2027 оноос бог малын мялзан өвчнөөс сэргийлэх вакцин хэрэглэхгүй болох зорилтын хүрээнд улс орнууд тэмцэх, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Мал эмнэлгийн ерөнхий газрын 2023 оны урьдчилан сэргийлэх арга хэмжээний төсөв нэмэгдсэнтэй холбоотойгоор төвийн болон говь, зүүн бүсийн эрсдэл бүхий аймаг, сумын бог малыг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөн, 20 сая тун вакциныг үйлдвэрлэгчээс худалдан авалт хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байна.
Үүнтэй уялдуулж Мал Эмнэлгийн Ерөнхий Газар даргын тушаалаар 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн бог мялзан өвчний гаралт, тархалт бүртгэгдсэн 14 аймаг, нийслэлийн 19,0 сая толгой бог малыг дархлаажуулахад шаардлагатай вакциныг хүргүүлээд байна.
Эх сурвалж: Мал эмнэлгийн ерөнхий газар