Азийн Хөгжлийн Банк (АХБ), Инвескор ББСБ ХК өнөөдөр Монгол Улсын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар шинэ ажлын байр бий болгон улс орны тогтвортой хөгжлийг дэмжих 10 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү зээлийн санхүүжилтийн 5 сая ам.долларыг АХБ өөрийн ердийн хөрөнгийн эх үүсвэрээс бүрдүүлэх бол үлдсэн 5 сая ам.долларыг Б зэрэглэлийн зээлээр бусад санхүүжүүлэгчдийн эх үүсвэрээс олгоно. АХБ өөрийн эх үүсвэрээс А зэрэглэлийн зээл хэлбэрээр гаргах 5 сая ам.долларын тодорхой хэсгийг төгрөгөөр олгоно. Нийт санхүүжилтийн 30 хувиас багагүй хэсэг нь бичил, жижиг, дунд бизнесийн салбарт ажиллаж байгаа эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулагдах юм.
“Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөх хүч хэдий ч бизнесээ тэлэх, эдийн засагт оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэх зорилгоор зээл авахад хүндрэлтэй тулгардаг. АХБ-наас Монгол Улсын банк бус санхүүгийн салбарыг дэмжсэнээр тэдгээр бизнес эрхлэгчдэд очих санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, шинэ ажлын байр бий болгоход түлхэж үзүүлж, цаашлаад эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих юм" хэмээн АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагаа хариуцсан Ерөнхий захирал Сюзэн Габури хэллээ.
Бичил, жижиг, дунд бизнесүүд нь Монгол Улсын ажиллах хүчний 72 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувийг бүрдүүлдэг бөгөөд эдийн засгийн тогтвортой хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид нь санхүүгийн хүртээмжийн хязгаарлагдмал байдлын улмаас ажлын байраа нэмэгдүүлэх, баялаг бүтээх боломжоо алдаж байна. АХБ-наас Инвескор санхүүгийн байгууллагад олгож буй энэхүү санхүүжилт нь тус банкнаас Монгол Улсын банк бус санхүүгийн салбарт олгож буй анхны шууд санхүүжилт юм. Энэхүү санхүүжилт нь тус компанийн эх үүсвэрийн бүтцийг сайжруулж, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд, тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдэд чиглэсэн зээлийн багцын өсөлтийг дэмжинэ.
“Инвескор санхүүгийн байгууллага нь банк бус санхүүгийн салбарт тэргүүлэгчийн хувьд нийгэм, байгаль орчин, засаглалын удирдлагын тогтолцооны хүрээнд тогтвортой санхүүжилтийн сайн жишгийг бий болгон ажиллахыг эрмэлздэг. АХБ-ны олгож буй санхүүжилт нь бидний энэхүү зорилготой бүрэн нийцэж байгаа бөгөөд тус санхүүжилтийн тусламжтайгаар дотоодын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өсөлт, хөгжилд хувь нэмрээ оруулах болсондоо туйлын баяртай байна” хэмээн Инвескор ББСБ ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баясгалан онцоллоо.
Инвескор нь 2016 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсын хамгийн том банк бус санхүүгийн байгууллага юм. 2022 оны жилийн эцсийн байдлаар нийт хөрөнгө нь 356.3 тэрбум төгрөг хүрч, Улаанбаатар хотод 15, Эрдэнэт хотод 1 салбартай үйл ажиллагаагаа явуулж байна.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог гэж Азийн хөгжлийн банкнаас мэдээллээ.