Тагнуулынхан зохион байгуулалттайгаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хилс хэрэг хүлээлгэсэн тухай ялтан Ц.Амгаланбаатар ярьж, хамгаалалт авахыг хүссэн байна. Тухан үед тагнуулынхан Ц.Амгаланбаатарын 2 дүү, гэр бүлээр нь барьцаалан, Зориг агсаны хэргийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хамт хүлээ гэж тулгасан тухай ярьж байна. Тэрбээр “Би 2018 онд маш их зориг гаргаж С.Зориг агсны амийг бид гурав хөнөөсөн гэж худал хэлснээ илчилсэн. Тийм ч учраас Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёр суллагдсан. Үгүй бол бид гурвуулаа хорлогдох байсан. Би одоо өөрийгөө хүнд хорлогдчих вий гэж айж байна. Хэнээс вэ гэвэл С.Зоригийн хэрэг дээр ажиллаж, хуурамчаар нотлох баримт бүрдүүлсэн, одоо ч зүгээр ажлаа хийж яваа, гүйцэтгэх ажил хийдэг хүмүүсээс айж байна” гэжээ.
Энэ талаар ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн "ХЭҮК-оос 2023 оны зургадугаар сард Ц.Амгаланбаатарын хоригдож байгаа хорих ангид ажиллахад, өөрийн биеэр уулзах хүсэлт өгсөн хүмүүсийн нэрсийн жагсаалтад түүний нэр байсан. Тэрбээр албан бичгээ удаа дараа ирүүлсэн тул бид өөрсдийн хуульд заасан эрхийн дагуу энэхүү бичлэгийг хийж, нийтэд мэдээлж байна.
Эрүү шүүлтийн хор уршиг, үүнд эрх мэдэл бүхий албан тушаалтнууд оролцохоор ямар сөрөг үр дагавартай вэ гэдгийг тайлбарлан, таниулах зорилгоор энэхүү бичлэгийг олон нийтэд үзүүлж байна. Цаашид ч ийм асуудал гарвал бид хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд нээлттэй мэдээлнэ" гэв.